Орчин цагт нийцсэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль үгүйлэгдэж байна

Монгол улс 1998 онд батлагдсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай 4 зүйлтэй ганцхан хуультай. Хэдийгээр хуулийг шинэчлэн найруулахаар үе үеийн Парламентаар яригддаг ч өнөөг хүртэл эцэслэж чадаагүй л байна. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс 180 орноос 68-д эрэмбэлэгдэж, хэвлэлийн хагас эрх чөлөөтэй буюу асуудалтай орны жагсаалтад багтаж байна. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарт төр нөлөөлж, чөлөөт хэвлэл ардчиллын зарчмаар хөгжиж чадахгүй байгаагийн илрэл гэж мэргэжлийнхэн үзэж байна.

Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хасаж, зөрчлийн хуульд оруулсан байсан ч манай улс ухралт хийж, энэ заалтыг эрүүгийн хуульд дахин оруулсан. Мөн дахин нэг өөрчлөлтөөр гүтгэх заалтыг худал мэдээлэл тараах болгон өөрчилсөн. Тэгвэл эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд “худал мэдээлэл тараах” гэснийг гүтгэх болгон өөрчилж,  илт худал мэдээлэл олон нийтэд тараасан үйлдлийг бус, илт худал гүжирдсэн үйлдлийг энэ гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна. Хэдийгээр Монтеськегийн засаглал хуваах салаа мөчирт гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох гэсэн гурван эрх мэдлийг тогтоож, 3 засаглалтай байдаг ч олон нийтийн зүгээс үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэхээр хэвлэл мэдээллийг 4 дэх засаглал гэж нэрлэдэг. Тиймээс ч хууль эрх зүйн хувьд орчин цагт нийцсэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль үгүйлэгдэж байна.