Орон сууцны урьдчилгаа төлбөрөө олон жил  цуглуулж байгаа залууст орон сууцны үнэ өссөөр байгаа нь хүндрэлтэй байна

Цар тахлын улмаас үүсээд байгаа хил гаалийн асуудал орон сууцны үнэ өсөхөд ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар шинэ орон сууцны мкв-ын дундаж үнэ 2.7 сая төгрөг байгаа бол, хуучин орон сууцны мкв-ын дундаж үнэ 2.2 сая төгрөг байна. Сүүлийн үед орон сууцны эрэлт өмнөх жилүүдээс нэмэгдсэн бөгөөд иргэдийн дунд санамсаргүй түүврийн аргаар хийсэн судалгаагаар ч ойрын хугацаанд орон сууцны үнэ өснө гэсэн хүлээлт давамгайлжээ.  Үүнд хэд хэдэн шалтгаан  нөлөөлж байгаа бөгөөд үүнээс сонирхол татах нэг шалтгаан нь санхүүгийн боломжтой иргэд мөнгөө биет хөрөнгө болгон хадгалах сонирхол нэмэгдсэн нь орон сууцны эрэлт өсөх нэг шалтгаан болжээ. 

Улаанбаатар хотын орон сууцны эрэлт нийлүүлэлтийн зөрүү 2027-2030 онд тэнцвэржих судалгаа байна. Нийслэлд орон сууцны эрэлт их байгаа ч иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн байдал болон орон сууцжуулах хөтөлбөр, банкны шалгуур зэргээс шалтгаалан нийлүүлэлт эрэлтээс их байсаар байна. Нийслэлд ойрын таван жилд 210 мянга гаруй өрх орон сууц худалдан авах хэрэгцээ байгаа ч тэдний 16 хувь нь л худалдан авах чадамжтай гэдэг тооцоо байна.