Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлш ахуйн зориулалтгүй гэв

Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлшийг ахуйн зориулалтгүй, сэнстэй яндан бүхий үйлдвэрийн орчинд хэрэглэгдэх түлш гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Хоёр хөршийн хийсэн судалгаануудад үндэслэснээр ахуйн зориулалттай түлшинд барьцалдуулагч хийх нь тохиромжгүй байдаг гэдгийг онцолж байна. 

Хувийн хэвшлийнхэнд түлшний үйлдвэрлэл явуулах боломжийг олгож, өрсөлдөөний зарчмаар түлшний технологи, чанарыг сайжруулах шаардлагатайг Монгол улсын зөвлөх инженер Л.Гэндэнсүрэн хэлсэн юм. Зохих стандарт хяналтаа тавиад зуны улиралд байгалийн аргыг ашиглан хатаах зэргээр түлшийг хямд өртгөөр үйлдвэрлэх боломжийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олговол чанарын хувьд ахиц гарна гэлээ. 

Мөн түлшний найрлага агууламжийн стандартыг хэмжихээс илүүтэй, шаталтын дараах үнс тортог, утааг шинжлэх нь ач холбогдолтой гэдэг саналуудыг тэрбээр дэвшүүллээ. Харин Тавантолгой түлш компаниас энэ талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй байна гэдэг хариултыг өгсөн юм.