Стандартын дагуу 100 өрхтэй орон сууцад 50 дулаан зогсоол, 25 гадна зогсоол байх ёстой

Хот байгуулалтын тухай хуульд “Төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэж заасан байдаг ч нийслэлийн зарим орон сууцны хороололд авто зогсоол хангалтгүй байна. Үүнээс үүдэн орон сууцны хорооллын оршин суугчид гэрийнхээ гадаа машинаа тавьсан ч зогсох хориотой газар зогссон хэмээн их хэмжээний торгууль төлөх тохиолдол гарах болжээ.

Өвлийн улиралд дулаан зогсоол түрээслэх гээд ч олддоггүй, гэрт зочин ирэхэд машин байрлуулах зогсоол байдаггүйн зовлон нийслэлчүүдэд түгээмэл тулгамдаж байна. 

Дээрхтэй ижил асуудлаар хаана хандах, хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй байгаа иргэд олон байна. Тэгвэл монгол улсад одоо мөрдөгдөж байгаа норм стандартын дагуу 100 айлтай орон сууцанд 50 дулаан зогсоол, 25 гадна зогсоол байх ёстойг мэргэжилтэн хэлж байна. Шинээр барилгын төсөл хэрэгжүүлэх иргэн ААН бүр аймаг нийслэлийн ерөнхий архитектороос скиз зураг батлуулж, МХЕГ, онцгой байдлын газраар дүгнүүлж, барилгын хөгжлийн төвөөс магадлалын дүгнэлт хийлгэх дарааллаар барилгын ажлаа эхлүүлэх ёстой юм байна. Гэвч нийслэлд барилга баригдах явцад норм стандарт алдагдсаар байна. Барилгын явц стандартын дагуу эсэх үр дүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавих ёстой юм байна. Иргэд стандартын бус гэж үзэж буй барилгын барилгын зөвшөөрөл, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлттэй эсэх мэдээллийг нийслэл болон Барилгын хөгжлийн төвөөс авах боломжтой юм байна.