Агаарын тээврийн зарим компаниуд АНУ руу хийх нислэгээ цуцалжээ

Дэлхийн агаарын тээврийн хэд хэдэн компани АНУ-ын нисэх онгоцны буудлуудын ойролцоо “5G” сүлжээний цамхаг байгуулж байгаатай холбогдуулан өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн тус улс руу хийх нислэгээ цуцалснаа мэдэгджээ. CNN телевизийн сувгаар мэдээлснээр, нислэгээ цуцалж байгаагаа АНЭУ-ын "Emirates Airlines", БНЭУ-ын "Air India", Япон улсын "Nippon Airways" мөн "Japan Airlines" зэрэг компаниуд мэдэгдсэн байна. 

“АНУ-ын зарим нисэх онгоцны буудалд хөдөлгөөнт холбооны 5G сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор үйл ажиллагааны доголдол гарч болзошгүйн улмаас 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Бостон, Чикаго, Даллас, Хьюстон, Майами, Ньюарк, Орландо, Сан-Франциско, Сиатл зэрэг чиглэлд үйлддэг нислэгээ түр зогсоож байна" гэж АНЭУ-ын "Emirates Airlines" компанийн мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Энэтхэг, Японы агаарын тээврийн компаниуд АНУ руу хийх нислэгийнхээ тоог бууруулж байгаа юм байна. Тухайлбал, “Air India” компани “АНУ-д 5G сүлжээ нэвтрүүлж байгаатай холбоотойгоор нэгдүгээр сарын 20-ноос эхлэн Энэтхэгээс АНУ руу хийдэг нислэгийн тоог цөөрүүлнэ эсвэл онгоцны төрлийг өөрчилнө” гэж мэдэгджээ.

5G сүлжээний шинэ тоног төхөөрөмжүүд нь нисэх онгоцны бүхээг дэх хэд хэдэн багаж хэрэгсэлтэй ижил үелзэл ашиглаж байгаад агаарын тээвэрлэгчид санаа зовж байгаа юм. Тэгвэл АНУ-ын Тээврийн яам үүний хариуд хэд хэдэн томоохон нисэх онгоцны буудалдаа 5G дэд бүтэц байхгүй завсрын бүс байгуулахаар шийджээ. Уг ажил энэ оны 6-р сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж мөн тус улсын Тээврийн яамнаас мэдэгдсэн байна.