Манай улсын эрчим хүчний салбар “АВААРЫН” байдалтай байгаа талаар бид өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн. Монгол улс эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дотоодоосоо хангадаг ч дулааны станц болон цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 40 хувийнх нь ашиглалт дуусаж, эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардлагатай болоод байгаа юм. Тэгвэл цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 16 эх үүсвэрийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Монгол улсын эрчим хүчний оргил ачаалалдаа хүрч, 2024 он гэхэд 1680 мвт-д хүрэх тооцоололтой байгаа. Гэтэл эрчим хүчээр хангах суурь бүтэц болсон дулааны станцууд 35-60 жилийн насжилттай, цахилгаан дамжуулах түгээх сүлжээ 32-62 жилийн насжилттай байна. Тиймээс эрчим хүчний салбарт ирэх жилүүдэд 3 чиглэлээр ажиллана гэлээ.
Одоогийн нөхцөл байдалд тулгуурлан эрчим хүчний 16 эх үүсвэрийг барьж, ашиглалтад оруулахаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад байгаа юм байна. Эхний ээлжид таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн таван толгойн дулааны станц барина. Түүнчлэн эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэх асуудал тусгагджээ.