ҮСХ-ны 2017 оны статистик мэдээллээр 17.685 ТББ бүртгэгдсэний 9107 нь үйл ажиллагаа явуулаагүй байжээ

Төрийн бус байгууллагуудыг цэгцлэх, тэдгээрийн үйл ажиллагаа, санхүүжилтэд хяналт тавих цаг нь болсон гэж хууль тогтоогчид үзэж байгаа. Учир нь улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа зарим төрийн бус байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй, мөн татварын байгууллагад татвараа тайлагнаагүй зэрэг статистик мэдээлэл байна.

  • Үндэсний статистикийн хорооны 2017 оны мэдээллээр 17.685 төрийн бус байгууллага бүртгэлтэй байжээ. Тэдгээрээс 51.5 хувь нь буюу 9107 нь огт үйл ажиллагаа явуулаагүй байна.
  • Тэгвэл 2021 оны 2-р сарын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр төрийн бус байгууллагын тоо 25.674 болтлоо нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа боловч
  • Төрийн бус байгууллагуудын тайлангийн мэдээллээр 2019 онд ердөө 4476 ТББ Сангийн яаманд санхүүгийн тайлангаа өгсөн байна.
  • Харин 2020 онд 27.000 төрийн бус байгууллагаас 400 нь л улсын бүртгэлийн байгууллагад үйл ажиллагаагаа тайлагнажээ.

Хэдийгээр манай улсын хувьд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа болсон ТББ-ын үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамарч, жилээс жилд хүрээгээ тэлж байгаа ч тэдгээр нь үйл ажиллагаа, санхүүжилт ил тод байдал, тайлагналт, хяналтын тогтолцооны гажуудалтай байна гэж хууль тогтоогчид үзэж байгаа.

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулахгүй байгаа төрийн бус байгууллагуудыг цэгцэлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх “Холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч эцэслэгдэж амжилгүй чуулган завсарласан.

Зарим төрийн бус байгууллага анх байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй тохиолдол байдаг. Тэгвэл 2021 оны эцсээр 200 гаруй ТББ татан буугджээ. Нийгэмд тустай үйл ажиллагаа явуулж байгаа олон төрийн бус байгууллага бий. Гэтэл үүний цаана борооны дараах мөөг шиг олширсон ТББ-ууд, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, ТББ нэрээр халхавчилсан компаниудыг цэгцлэх нь төрийн үүрэг. Гэхдээ одоо үйл ажиллагаагаа хангалттай явуулж байгаа ТББ-уудын нөхцөлийг дордуулахгүй байх нь чухал учраас энэ асуудалд нухацтай хандах шаардлагатай байна.