Төсвийн жил эхлээд нэг улирал ч болоогүй байхад тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилгоор монгол улсын 2022 оны төсөвт тодотгол хийхээр болж байна. Өнөөдрийн байдлаар тэтгэвэр, тэтгэмжийг 469 мянга гаруй хүн авдаг бөгөөд үүнийг нэмэгдүүлэхэд 637 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Тэгвэл засгийн газраас энэ онд хэрэгжүүлэх байсан зарим хөрөнгө оруулалтын төслийг зогсоож, нийгмийн даатгалын сангаас давсан орлогоор санхүүжилтийг шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Хуулиараа төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй гэж сангийн сайд саяхан мэдэгдэж байсан ч сар шинийн өмнө тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр Улсын их хурал ээлжит бус хуралдаан зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцлээ. Тэтгэмжийг 188,000 төгрөгөөс 288,000 төгрөг болгох, тэтгэврийн доод хэмжээг бүрэн тэтгэвэр болон хувь тэнцүүлсэн гэдгээс хамаарч 100,000-150,000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж засгийн газар тооцжээ.
Манай улсад нийт тэтгэвэр авч байгаа 469,000 гаруй иргэний 80 хувь нь 500 мянган төгрөгөөс доош буюу 385,000 хүн бүрэн тэтгэвэр, 84,000 хүн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил ба түүнээс дээш жил төлсөн тэтгэвэр тогтоолгох насны хүн өндөр насны бүрэн тэтгэвэр, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 жил хүртэл төлсөн тэтгэвэр тогтоолгох насны хүн шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авдаг.
Улсын төсөвт тодотгол хийж, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эхний хэлэлцүүлэг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо. Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар өргөн барьсан хуулийг төсөл эцэслэн батлагдвал, 2022 оны 2-р сараас тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг дээр дурдсан хэмжээгээр олгож эхэлнэ.