Энэ онд нэмж барих 22 замын зураг төсөл бэлэн, 4-р сараас барилгын ажил эхэлнэ гэв

2020 онд Зам тээврийн хөгжлийн яам болон холбогдох газруудын хийсэн судалгаагаар замын хөдөлгөөнд оролцдог жолооч нарын 25-30 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, авах зорилготой гэжээ. Тэгвэл 20 хоногийн дараа цэцэрлэг сургууль танхимаар хичээллэж эхэлмэгц иргэд замын түгжрэлд өдөрт 2-3 цагийг зарцуулдаг байдал дахин үргэлжилнэ. Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс 2024 он гэхэд одоо байгаа түгжрэлийг 50 хувь бууруулна, хийхээр төлөвлөсөн ажлын 25 хувийг энэ ондоо багтаж хийхээр төлөвлөжээ. Энэ төлөвлөгөөний дагуу 2022 онд нийт 22 байршилд зам нэмж барина, мөн зураг төслүүд бэлэн болсон тул 4-р сараас барилгын ажлууд эхэлнэ гэсэн мэдээллийг өгч байна.

Нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 2020 онд 615 мянга байсан нь 2010 онтой харьцуулахад 3 дахин өссөн тоо юм. Харин авто машины тоо 3 дахин өссөн ч энэ хугацаанд нийслэлийн гол авто замын сүлжээний урт ердөө 19 хувиар нэмэгджээ.

Түгжрэлийг бууруулах зорилгоор 2024 он хүртэл зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замын орц гарцыг нээх, 89.8 га газар чөлөөлөлт хийх, хүн амын нягтаршил ихтэй байршилд сургууль, цэцэрлэг барих,  нийтийн тээврийн парк шинэчлэл хийх зэрэг 8 багц ажил хийнэ гэлээ.