УИХ-ын эмэгтэй гишүүн охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах санал гаргасныг зарим иргэд эсэргүүцэж, наргиа болгож байгаа бол нэг хэсэг нь үүнийг анхаарах ёстой чухал асуудал гэж үзэж байна. Охидын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын зүгээс охидтой хийсэн ярилцлагаар ариун цэврийн хэрэглэл охидод багагүй дарамт болдог нь ажиглагдсан байна. Эцэг эхийн анхаарал халамж муу, амьжиргааны түвшин тааруу айлын охид энэ шалтгаанаар хичээлдээ явж чаддаггүй, бусдын өмнө эвгүй байдалд ордог зэрэг олон асуудал гардаг байна.
Мөн Баян-хошуунд байрлах 3000 гаруй сурагчтай Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан охидын нөхөн үржихүйг тойрсон олон эмзэг асуудал байдаг нь үнэн гэлээ. 019 онд хотын захын дүүрэгт байрлах 5 сургуулийн охидын ариун цэврийн өрөөнд 400 ширхэг ариун цэврийн хэрэглэл тараах сайн дурын ажил хийсэн Дөлгөөнтуулд олон охидоос талархал ирсэн нь уг асуудал ямар чухал болохыг харуулж байна.
Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудалд анхаарах нь том зургаараа нийгэм, хүн амын өсөлтөд эерэг нөлөөтэй. Тиймээс ч Шотланд, Их Британи зэрэг улсууд ариун цэврийн хэрэглэлийг эмийн сан, сургуульд үнэгүй байршуулдаг. Харин Энэтхэг, Тайвань зэрэг Зүүн Азийн зарим улсууд бутархай зоосоор худалдаж авах машиныг олон нийтийн газруудад байршуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, улс орнууд ариун цэврийн хэрэглэлтэй холбоотой асуудал боловсролын салбарын асуудлуудын нэг гэж үзэж онцгой анхаарч ажилладаг байна.