Гэр хорооллын иргэдэд халуун ус түгээх боломжтой худгийг Налайх дүүрэгт туршилтын журмаар ажиллуулж эхлээд байна. Иргэд смарт карт ашиглан цагт баригдахгүйгээр өдөр, шөнийн алинд ч халуун ус авах боломжтой болжээ. Худгаас халуун ус авч хэрэглэснээр иргэд цахилгаан, түлээ нүүрсний мөнгө хэмнэх боломжтой тул амьдралд нэн хэрэгтэй шийдэл гэдгийг онцолж байна.
Монгол инженерүүд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах зорилгоор эхний ээлжид халуун ус түгээх 6 худгийг байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү худаг нь халуун ус олгохоос гадна “e-mongolia” цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн төхөөрөмжөөс авах боломжтой юм. Цаашид энэ туршилт иргэдийн хэрэгцээнд нийцэж байвал тус төслийг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг томоохон хотуудад нэвтрүүлэх боломжтой гэдгийг Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд мэдэгджээ.