Түгжрэл үүсдэг оргил цагуудад автомашиныг тэгш сондгой дугаараар явуулах талаар иргэдээс санал авна

Манай улсад жилдээ 80 мянган автомашин импортоор орж ирдэг бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн гол замуудын багтаамжтай харьцуулахад 3 дахин их автомашин хөдөлгөөнд оролцож байна. Тэгвэл түгжрэл үүсдэг оргил цагуудад автомашиныг тэгш сондгой дугаараар явуулах талаар иргэдээс санал авахаар болжээ.

Нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийг сайжруулах, ялангуяа авто зам, нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Түгжрэлээс үүдсэн шууд зардал буюу шатахуун, шууд бус зардал буюу цаг хугацаа, ажлын бүтээмжийн бууралт, эрүүл мэнд, стресс дуу чимээ зэргийг оролцуулан өртгийг мөнгөөр илэрхийлбэл манай улсын хэмжээнд нэг жилд гэхэд л 947 сая америк долларыг түгжрэлд үнэгүй зарцуулдаг байна.

Мөн замын түгжрэлийг бууруулахын тулд иргэд чөлөөтэй алхах боломжийг бүрдүүлэн нийслэлийн явган хүний зам, дугуйн замын стандартыг сайжруулах, сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатайг хот төлөвлөлтийн мэргэжилтэн хэлж байна. Мөн АНУ тэргүүтэй дэлхийн улс орнууд түгжрэлийн асуудлыг шийдэхдээ нэг автомашинд зорчих зорчигчдын тоог нэмэгдүүлэх бодлого баримталдаг байна. Энэ стандартыг ч мөн адил манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ.

Нийслэлийн замын ачааллыг бууруулах хүрээнд нийтийн тээврийн масс транзитыг хөгжүүлэх үүднээс хөнгөн-галт тэрэг буюу LRT нэвтрүүлэх ажлыг хийж байгаа гэлээ. Түгжрэл энэ хэвэндээ байвал 5 жилийн дараа гэхэд түгжрэлд зарцуулж буй үргүй зардал 5-7 дахин өсөх магадлалтай юм байна.