Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөх, сурч боловсрох цогц бодлого дутагдаж байна

Манай улс хүүхдийн 100 мянга, цалинтай ээж хөтөлбөр зэрэг тэтгэмжээр хүн амын өсөлтийг дэмждэг ч бодит байдал дээр энэ тэтгэмж ихэнх айлын өнөө маргаашийн хүнсэнд зарцуулагддаг. Тиймээс ч хүн амаа буруу бодлогоор дэмжсээр ирсэн гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Төрүүлсэн хүүхдийн тоогоор бэлэн мөнгө олгохоос биш хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсөх, сурч боловсрол эзэмших зэрэгт цогцоор нь анхаарч чадахгүй байна. Үүний нэг жишээ гэр хороололд амьдарч байгаа 600 мянган өрхийн хүүхдүүд гэрийнхээ ойр тоглох тоглоомын талбайгүй өсч байна. 

  • 3 жилийн өмнө тоглоомын талбай байхгүйгээс хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнд очиж тоглохоор тогтоол усанд эндсэн. 
  • 4 жилийн өмнөөс хүүхдүүд азтай, азгүйгээр дуудагдан сугалаагаар цэцэрлэгт элсдэг болсон. Аз таараагүй хүүхэд гэртээ цоожлогдоод үлддэг. 
  • Ерөнхий боловсролын  сургуулийн нэг ангид дунджаар 50-60 хүүхэд, өдрийн  3 ээлжээр хичээллэдэг.
  • Өвлийн саруудад хүүхдүүд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрснөөс 23 дахин хэтэрсэн утаатай бохир агаараар амьсгалдаг. 
  • Өвдсөн шүдээ эрүүл мэндийн даатгалаар эмчлүүлбэл багадаа 14 хоног хүлээдэг. 

Энэ мэт олон асуудал байгаа нь Монгол улс хүүхдэд хэр ээлтэй улс вэ гэдгийг харуулж байна. 

Хэдийгээр хүн амын өсөлтийг дэмжих халамжийн бодлогууд хэрэгжиж байгаа ч бодит байдалд хүүхдийн хамгийн чухал эрх болох эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх дутагдаж байна. Дээр дурдсан хүүхдээ төрүүлж өсгөх үеийн олон бэрхшээл залуу хосуудад сэтгэл санаа, санхүүгийн хувьд хүнд дарамт болдог нь хэрүүл маргаан, хүчирхийлэл цаашлаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөх зэрэг ноцтой асуудлын үндэс суурь болж байна. 

Тиймээс цаашид хүн амын өсөлт, хөгжлийг дэмжих бодлогыг тэтгэмжээр хязгаарлахгүй эрүүл мэнд, боловсролын цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. 2004 онд төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого гаргаж олон заалт тусгаж байсан ч өнөөдрийн байдлаар биелсэн заалт байхгүй байна.