Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн 206 төв нийтдээ 2000 орчим орон тооны дутагдалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эмнэлгийн ачаалал эрс нэмэгдээд байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд хамгийн олон хүн амтай БЗД-ийн 26-р хорооны ӨЭМТ гэхэд л 8 өрөөнд ердөө 12 эмч, 8 сувилагч, ганц автомашинаар нийт 40 мянган иргэнд үйлчилж байна.
Манай улсын хүн амын 70 хувьд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүд 50 хувийн хүний нөөцийн дутагдалтай буюу 3300 гаруй ажилтантай байна. Эмч, сувилагчдын орон тооны дутуу байдлаас шалтгаалж нэг эмч 2-3 хүний ажлыг давхар хийж улмаар эмнэлгийн ажилтнууд ажлаасаа халшрах, шантрах нь ихэсч үүнээс үүдэж иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламжийн чанар, хүртээмж муудаж байгааг эмч ажилтнууд хэлж байна.
Харин Баян-Өлгий аймгийн “Раушан” ӨЭМТ-ийн тухайд санхүүжилт хангалтгүй байдгаас шалтгаалж нэг машинтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
2022 онд өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ноогдох санхүүжилтийг 2 дахин нэмэхээр болсон. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар өрхийн эмнэлгүүд нэмэгдсэн санхүүжилтыг авч эхлээгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг жилд давхардсан тоогоор 5.9 сая иргэнд үйлчилдэг. Энэ хэвээрээ Өрхийн эмнэлгүүд хүний нөөцийн дутмаг байдалтай ажиллавал иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломж улам хомсодсоор байх юм. Тиймээс нэмэгдсэн санхүүжилтийг Өрхийн эмнэлгүүдэд даруй олгож, бодлогоор дэмжих шаардлагатай байна.