ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт өөрийн улсын цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байгаа юм. Цөмийн зэвсэгтэй улсуудын хоорондох хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед дэлхий дахинд цөмийн дайны аюул заналхийлж байгаад олон мянган иргэн санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Харвардын их сургуулийн шинжээчид хэрвээ цөмийн дайн дэгдвэл хүн төрөлхтөнд ямар хор уршиг учрахыг тайлбарлажээ.
Аливаа цөмийн дайн, жижиг гэлтгүй мөргөлдөөн ч тэр хүйтэн зэвсэг ашиглаж байгаа л бол олон хүний амь нас, эд хөрөнгө болон цаг агаар, уур амьсгалд ч үлэмж хэмжээний хор хохирол учруулж, цаашдаа ч уршиг нь арилах хүртэл багагүй хугацаа шаардагддагийг хүн төрөлхтөн хэдийн мэддэг болсон. Эдгээрийн дундаас үй олноор хөнөөх зэвсэг буюу цөмийн зэвсэг нь асар богино хугацаанд үй түмэн хүнийг устгах бүрэн хүчин чадалтайгаас гадна цацраг идэвхт бодисын нь хор хөнөөл хэдэн зуун жилээр үргэлжилдэг гэдгийг түүхийн баримтууд нотолдог.
Бүс нутгийн хэмжээнд цөмийн дайн дэгдсэн тохиолдолд богино хугацаанд хүн ам ихтэй томоохон хотуудын гэм зэмгүй сая сая иргэний амь үрэгддэг. Хэдийгээр бөмбөгдөлтөд өртсөн газраас алслагдмал өөр тив, хөдөө тосгонд амьдарч байгаа дэлхийн олон сая иргэн шууд дэлбэрэлтээс амь үлдэх магадлалтай ч дараа нь тэдэнд учирч болох хор уршиг нь шинжлэх ухааны маргаантай сэдэв хэвээр байна гэж Харвардын их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
Үүний нэг тод жишээ нь Японы Хирошима-н дээрээс хаясан атомын ганцхан бөмбөг 140 мянган хүний амийг авч одсон бол харамсалтай нь уг явдлаас амьд үлдсэн 60 мянга гаруй иргэн цацраг идэвхт бодист хордсоноос урт хугацааны дараа нас барсан байдаг. Түүнчлэн тэрхүү ганцхан цөмийн зэвсэг Японы бусад нутгийн иргэдийг ч хордуулсан хангалттай баримт байдаг бол Өмнөд Солонгосын бүс нутгийн иргэд хүртэл тухайн үед хордож байсан нь сүүлд ил болсон байдаг.
Хэрэв цөмийн зэвсэгтэй улс орнуудын хооронд цөмийн дайн дэгдвэл энэ нь жинхэнэ утгаараа амьтай бүхний мөхөл болох, эс болбоос дэлхий дахин оршин тогтнох нь ч эргэлзээтэй болно гэж шинжээчид үзэж байна. Аз таарч технологийн өндөр дэвшлийн ачаар цөмийн дэлбэрэлтээс амьд үлдэж чадсан ч гэлээ дэлхийн цаг уур бүхэлдээ өөрчлөгдөх нь эргэлзээгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энгийнээр хэлбэл, дэлбэрэлтээс үүдэлтэй өргөн цар хүрээтэй галт шуурганы дараагаар цөмийн өвөл болж, бүрэнхий үүсдэг хэмээн онолын хувьд тайлбарладаг байна. Цөмийн өвөл бол цөмийн дайнаас амьд үлдсэн хүмүүсийн шийдвэрлэх цорын ганц цаг уурын асуудал биш байж магадгүй юм. Цөмийн өвлөөс гадна зарим эрдэмтэд цөмийн зун ирнэ гэж итгэдэг. Маш олон түймэр гарч, маш олон хүн, амьтны бие ялзрах үед органик бодис, метан задрах нь агаар мандлыг хүлэмжийн хийгээр дүүргэж болзошгүй, улмаар хэдэн арван жилийн туршид амьтай бүхэн тэсвэрлэхийн аргагүй халуун өдрүүд үргэлжилнэ гэж шинжээчид үздэг байна. Иймд аливаа үй олноор хөнөөх зэвсгээс хүн төрөлхтөн ямагт татгалзаж, энх тайвныг олон улсын гэрээ хэлцлээр, хуулийн дагуу тогтоохыг эрдэмтэн, судлаач, шинжээчид уриалсаар байна.