Манай улсын байгаль хамгаалагчид сард дунджаар 500 мянган төгрөгийн цалин авдаг байна. Энэ нь ажил үүргээ биелүүлэх болоод амьдрал ахуйд нь хүрэлцдэггүй. Түүнээс гадна ажил үүргээ явуулахад шаардагдах багаж, тоног төхөөрөмж ч байдаггүй. Хэдийгээр төр засгаас байгаль хамгаалагчийн цалин, урамшууллыг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж байгаа ч өдийг хүртэл дорвитой шийдвэр гараагүй юм. Зарим тоон баримтуудыг үзүүлье.
- Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1308 байгаль хамгаалагч ажиллаж байна.
- Байгаль хамгаалагчид манай улсын нийт газар нутгийн 70-80 хувьд нь бүрэн хүрч ажиллах боломжтой байдаг
- Гэвч байгаль хамгаалагчийн сарын дундаж цалин 500 мянган төгрөг байгаа нь тэдний ажил, амьдралд хангалтгүй байгаа юм. Тиймээс тэдний цалинг 730-850 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлагатайг байгаль хамгаалагчид хэлж байна.
- Хэдийгээр 2012 онд батлагдсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг байгаль хамгаалагчид олгоно гэсэн ч уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тэд хэлж байна.
Байгаль хамгаалагчид хог цэвэрлэх, түймэр унтраах, ойжуулах, ойрын болон урт хугацааны эргүүлд гарах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг ажил хийхээс гадна цэвэрлэгч, цагдаа, гал сөнөөгч, ухуулагч, судлаачийн үүрэг давхар гүйцэтгэдэг гэж хэлж болно. Жилийн багагүй хугацаанд хээрээр гэр хийж амьдардаг. Тэр болгоноо өөрсдөө ярьдаггүй, олон нийт ч анзаардаггүй учраас хамгийн бага цалин, хангамж авч байгаа юм. Иймд цалин, урамшуулалыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг тэдний төлөөлөл хэллээ.
Нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээ өндөр уулын бүсэд 100 мянга, ой хээрт 120, тал хээрт 500, цөлөрхөг хээрт 600, цөлд 800 мянга хүртэл га байна гэж холбогдох хуульд тусгасан. Гэтэл нэг байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалж байгаа талбай хуульд зааснаас хэд дахин том хэмжээтэй энэ хэрээр аюул эрсдэл дунд үүргээ гүйцэтгэж байгаа юм. Өнөөдөр хамгийн чухал нь байгаль хамгаалагчийнхаа тоог нэмэхээс илүү тэдний нийгмийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ асуудалд төрийн байгууллагууд хэрхэн анхаарч ажиллаж байгааг тодрууллаа.
Салбар яамнаас байгаль хамгаалагчийнхаа гэр бүлийн нийгмийн асуудал болон орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлс, урамшууллын тогтолцоог үе шаттайгаар шинэчлэх, энэ ондоо багтаан цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг ч шийдхээр төлөвлөжээ. Одоо хэрэгжилт, үр дүнгийн биелэлтийг л харах үлдэж байна.