Инновац, цахим бодлогын байнгын хорооны дэргэд Мэдээлэл технологийн салбарын бодлогын зөвлөл байгуулагдлаа

Улсын их хурлын Цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд Мэдээлэл технологийн салбарын бодлогын зөвлөл байгуулагдлаа. Тус зөвлөл нь мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нэгдсэн нэг бодлоготойгоор хамтран ажиллах юм. Мөн хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгөх юм байна.

Манай улсад мэдээлэл технологийн салбар сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй урагшилж байна. Үүний илрэл нь Цахим бодлогыг хариуцсан байнгын хороо, салбар яамтай болж мөн Мэдээлэл технологийн бодлогын зөвлөлийг байгууллаа. Ингэснээр өмнө нь байгууллагын нууцад хамаардаг байсан мэдээллүүдийг ил болгох, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хуулиар хамгаалах, кибер аюулгүй байдлын хууль зэрэгт анхаарч ажиллах боломж бүрдэх юм. Цаашлаад цахим шилжилтийг идэвхжүүлэх, цахим эдийн засгийг хөгжүүлэх, нэгдсэн нэг бодлоготойгоор хамтран ажиллана гэдгийг Цахим бодлогын байнгын хорооны дарга хэлсэн юм.

Мэдээллийн технологийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл яригдаж байна. Хуулийн төсөлд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаас Монголын аж ахуйн нэгжүүд гадны зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой болсон. Гагцхүү төрөөс үзүүлэх дэмжлэг шаардлагатай гэдгийг зөвлөлийн гишүүд онцоллоо.