Манай улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ

Сүүлийн үед өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ хоёр дахин нэмэгдсэнийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаа харуулжээ. Ирээдүйд ид хөдөлмөрлөх насан дээрээ хорт хавдартай болох цаашлаад үргүй болох зэрэг эрүүл мэндийн болоод нөхөн үржихүйн ноцтой эрсдэлүүд тэднийг хүлээж байгаа тул электрон тамхины импорт мөн хэрэглээг хууль эрх зүйн түвшинд яаралтай нарийвчлан тогтоох шаардлагатай байгаа юм. Электрон тамхины асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгээр хөндөхөөр төлөвлөжээ. Зарим тоон тодотголыг дэлгэцээр хүргэе

  • УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулийг анх 2005 онд баталсан бол 2012 онд шинэчлэн баталсан байдаг.
  • 2015 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тамхи татах цэг байгуулахыг зөвшөөрсөн нь нэгдэн орсон тамхины хяналтын суурь конвенцыг зөрчсөнөөс үүдэн хэрэгжиж чадаагүй юм.
  • Харин УИХ-ын энэ хаврын чуулганаар Тамхины хяналтын хуульд зарим заалтыг өөрчлөхөөр төлөвлөж байна. Тухайлбал: Нэр томьёог өөрчлөх, онцгой албан татварыг нэмэх, тамхины ургамлыг тариалахыг зогсоох зэрэг заалтууд багтаж байна.
  • Тамхины онцгой албан татварыг 2021 оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлтэй ч одоогоор шийдвэр гаргагчдын түвшинд санал төдий хэвээр байгаа юм.

Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн тамхинд онцгой албан татвар ногдуулдаг. Янжуур тамхинд 100 ширхэгт 4180 төгрөг, дүнсэн тамхинд 3130 төгрөгийн татвар төлдөг. Судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн дундаж наслалт 2005 онд 20 байсан бол 2022 онд 17 нас буюу улам залуужсан байгаа юм. Мөн сүүлийн үед огт татвар төлдөггүй, электрон тамхийг 13-15 насныхан ихээр хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Иймд хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлага байгаа нь дээрх баримтууд харуулж байна.  

Гаалийн мэдээллээс харахад электрон тамхи нь цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэрэг нэрээр орж ирдэг. Энэ нь утаат тамхинд тавьдаг хяналтыг тавих боломжгүй байдаг байна. Хилээр жилд дунджаар 1.2 сая ширхэг электрон тамхи орж ирдэг гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байгаа юм. Тиймээс онцгой албан татвар ногдуулах, хяналтыг чангатгах нь оновчтой алхам гэж байна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг Эрүүл мэндийн яам ахлан ажиллаж байгаа юм. Электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан байна. Мөн манай улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өссөөр байгаа юм.