Хотжилт, үйлдвэржилт нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын менежмент нь манай улсад тулгамдсан том асуудлын нэг болж байна. Тухайлбал 2021 онд Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд хуванцар, хүнсний хаягдал, шил зэрэг нийтдээ 1.4 сая тонн хогны хаягдал гарсан ч үүний зөвхөн 8.9 хувийг дахин боловсруулжээ. Тиймээс цаашдаа манай улс хуванцар дахин боловсруулах үйлдвэр болон хог ангилан хаях жишгийг сайтар тогтоох хэрэгтэй байна.
Олон төрлийн хог хаягдал дундаас бүх төрлийн хуванцар нь байгальд хамгийн удаан шингэдэг бөгөөд хүрээлэн буй орчин, хөрсний бохирдолд хамгийн их сөргөөр нөлөөлдөг. Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн хог хаягдал боловсруулах 34 үйлдвэр бүртгэлтэй байдгаас хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах нийт 17 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. 2021 онд гэхэд л манай улс 124 мянган тонн хог хаягдал дахин боловсруулсан бөгөөд үүний 8.9 хувийг хуванцар хог хаягдал эзэлжээ.
2017 оноос хойш манай улс хог ангилан ялгадаг болсон бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсад айл өрхийн болон аж ахуйн нэгжийн тоо томшгүй олон хогын цэг байгаа ч одоогийн байдлаар зөвхөн 516 эх үүсвэр дээр хог ангилан ялгаж байна.
Тэгвэл Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос Итали улсын хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх том хэмжээний үйлдвэрийн үйл ажиллагааг 2021 оны долдугаар сард эхэлсэн гэдгийг хэллээ. Тус үйлдвэр жилд 20-50 мянган тонн хуванцар хаягдлыг бүрэн боловсруулах хүчин чадалтай юм байна.
Энэ үйлдвэр нь иргэдээс 1 кг хуванцар хог хаягдлыг 500 төгрөгөөр худалдан авч дахин боловсруулах үйлдвэрийн тусламжтайгаар сав, хүлэмжийн хамгаалалтын тор зэргийг хийх юм байна.