Улсын хэмжээнд жилд дунджаар 2 мянга орчим барилга шинээр ашиглалтад орж байна

Улсын хэмжээнд жилд дунджаар 2 мянга орчим барилга ашиглалтад ордог байна. Компаниуд барилгын хийц, материал, чанараас хамаарч тодорхой баталгааг гаргаж өгдөг хэдий ч бодит байдал дээр тухайн барилга нэг хоёрхон сарын дараа цууралт үүсэх, хана тааз нь нурах үзэгдэл буурахгүй байна.

  • Өнөөдрийн байдлаар зах зээлд дууссан, дуусаагүй, хүлээгдэж байгаа 80 гаруй мянган орон сууц байна
  • Үнийн тухайд насжилт өндөр буюу хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3 сая төгрөг байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.6 сая төгрөг байна
  • Тэгвэл шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.1 сая төгрөг байна. Үнийн хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.6 сая төгрөг байна.
  • Байрны үнэ өсөх суурь шалтгаануудын нэг нь цемент байдаг. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт цемент үйлдвэрлэгч дотоодын дөрвөн үйлдвэр 16-28 хувиар үнээ нэмсэн. Энэ нь барилгын үнэ өсөх шалтгаан болж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна.

Шинэ баригдсан барилгад 50 жилийн баталгаа өгч болно. Тэгвэл өнөөдөр яг шинийн дайтай үнээр авсан хуучин орон сууц 10 жилийн дараа чанартай хэвээрээ байна гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр хуучин барилгын үнийг тогтоохдоо 50 жил ашиглах баталгаатай эсэхийг нь харах хэрэгтэйг барилгын инженерүүд хэлж байна. Жишээлбэл Орост тоосгон, угсармал, модон гээд хийцээс нь хамаараад үнийг нь тогтоодог. “Хэзээ капитал засвар хийсэн?”, “Хэдэн жил ашиглах ёстой вэ?” гэдгээс   нь хамаарч үнээ тогтоодог гэсэн үг. Гэтэл манайд төв зам дагуу байрлалтай, өргөтгөл хийх боломжтой байр өндөр өртөгтэй байгаа юм.

Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар бүрэн цутгамал орон сууц илүү чанартай, урт хугацаанд баталгаатай байх нь өндөр байдаг байна. Судалгаагаа сайн хийвэл барилгын салбарын бэрхшээлийг шийдэх өчнөөн боломж байгаа юм. Мөн экспортоор орж ирж буй барилгын материалын үнэ өртөг зэргээс хамаарч, барилгын үнэ өсөх, буурдаг.

Нэг үгээр хэлбэл хэзээ мөд нурах нь тодорхойгүй, баталгаагүй орон сууцанд амьдарч буй олон иргэд бий. Тиймээс барилгын норм, дүрэм журамд өөрчлөлт оруулж, нэг стандарт тогтоож өгөх нь чухал байгаа юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилгуудад хяналт тавьж, Улсын комисс ажлаа хийдүүлэхгүй, хариуцлагатай ажиллах ёстойг салбарын сайд хэллээ.

Орон сууц нь хувийн өмч учраас тухайн орон сууцыг дахин төлөвлөлтөд орох саналыг оршин суугчаас авдаг. Саналаар 80 хувь нь дэмжигдсэн тохиолдолд дахин төлөвлөлтийн ажил эхлүүлдэг журамтай юм байна.