Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардагдах гол хүчин зүйл нь мэргэжлийн боловсон хүчин буюу ойн аж ахуйн инженер. Гэтэл манай улсад энэ мэргэжлийг эзэмшсэн хүн ховор байна. Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн их сургуульд ердөө 20 орчим хүүхэд ойн аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа нь хангалтгүй тоо гэдгийг салбарын төлөөлөл хэлж байгаа юм.
Мод тарих амархан ажил харин ургуулна гэдэг амар ажил биш. Үүнийг технологийн дагуу, мэргэжлийн зөвлөгч нь ойн аж ахуйн инженерүүд байдаг. Тэгвэл Хөдөө аж ахуйн их сургуулийн ойн аж ахуйн инженерийн 3-р курсийн ангид 5 оюутан суралцаж байна. Нийгэмд эрэлт хэрэгцээ ихтэй энэ мэргэжлээр суралцах хүүхдийн тоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд буурчээ. Шалтгаан нь мэргэжлийнхээ зах зээлийн үнэлэмж, ач холбогдлыг ойлгоогүйгээс сонгон суралцдаггүй гэлээ.
МУИС, ХААИС, ШУТИС дээр ойн мэргэжилтэн бэлдэж байгаа. Их дээд сургуулиуд нийлээд жилд ойн мэргэжлээр 15-20 хүн бэлдэж байна. Энэ хангалттай тоо биш. Сургууль тус бүрдээ өөр өөрсдийн сургалтын агуулгаар мэргэжилтэн бэлтгэж байна. Харин ХААИС бол ойн аж ахуйн инженер мэргэжлийг бэлтгэж эхэлсэн ууган сургууль, сургалтын бааз суурь сайн. Хамгийн гол нь суралцах хүсэлтэй хүүхдийн тоо жил ирэх бүр буурч байгаад анхаарах шаардлага гэдгийг багш нар хэллээ.
Монгол улсад төр, хувийн хэвшлийн нийлсэн 200 гаруй жижиг мод үржүүлгийн газар байна. Нэг мод үржүүлгийн газарт инженер, техникч гээд 2-3 мэргэжилтэн, 10 гаруй мэргэжлийн ажилчин байна гэж үзвэл 2,500 мэргэжилтэн одоогийн байдлаар байна гэсэн үг. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 7 мянга орчим ойн аж ахуйн инженер хэрэгтэй гэсэн судалгаа гарсан байгаа юм. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ойн мэргэжлээр суралцах хүсэлтэй оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлүүдийг хэрэгжүүлэх төлөвлөж байгаа гэж байна.
Ойрын 2-3 жилд ойн салбарт 2-3 мянган ойн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Мэргэжилтэн бэлтгэж дөрвөн жил сургаад туршлагажуулна гэхээр тэрбум мод тарихаар төлөвлөсөн хугацааны тэн хагас хүрнэ. Иймд богино хугацаагаар сургах, дээд боловсролтой хүмүүсийг дахин сургах, их,дээд сургуулиудад ойн мэргэжлээр түргэвчилсэн байдлаар төгсгөх боломжуудыг судалж байгаа юм байна.