Дэлхий дахин нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулах хэрэгцээ шаардлага тулгараад байгаа энэ үед олон улсын томоохон эдийн засагтай орнууд ийм бохирдлыг улам нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсээр байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн мягмар гарагт шүүмжилжээ. Мөн тэрбээр дэлхийн уур амьсгал байж болох хамгийн муу түвшиндээ хүрч өөрчлөгдөөд байгааг тэргүүлэх гүрнүүдийн удирдагч нарт анхааруулсан байна.
НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш 200 орчим улс орны төлөөлөгчид нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр цахимаар чуулж байгаа тогтвортой байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын томоохон эдийн засагтай орнууд ийм бохирдлыг улам нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсээр байгааг шүүмжилсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн зөвлөл нь бодлого боловсруулагчдад зориулсан 3000 хуудас бүхий тайланг эцэслэн хянаж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нийтлэх юм байна. Дэлхийн 200 орчим улс орны төлөөлөгчид сүүлийн найман сарын турш боловсруулсан гурав дахь буюу сүүлийн тайланг эцэслэн хянахаар цахим хэлбэрээр чуулж байгаа бөгөөд өмнөх хоёр тайланд уур амьсгалын хямралын шалтгаан болон үр дагаврын талаар тусгасан юм байна. Уг тайлангийн хувьд эрдэмтэд хорт хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой эрчим хүч, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт голчлон анхаарал хандуулжээ. Түүнчлэн дэлхийн эдийн засаг чулуужсан түлшнээс нүүрстөрөгчийн давхар ислийг бага түвшинд эсвэл огт ялгаруулдаггүй нар, салхи, цөм, ус, устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрүүд рүү шилжих шаардлагатайг цохон тэмдэглэжээ.
Мөн агаар мандалд хэдийнээ ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийг хэрхэн арилгах арга замуудын талаар судалсан байна. “Ирэх жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал нэн чухал болно. Иймд түүний сөрөг нөлөөллийг бууруулах шинэчилсэн үнэлгээний ач холбогдол нь урьд урьдынхаасаа нэмэгдээд байна” гэж НҮБ-ын өндөр албан тушаалтан ярьжээ. Энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмээс доош байлгахын тулд засгийн газрууд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд гол анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа хэдий ч нүүрстөрөгчийн давхар ислийн бууруулах улс орнуудын амлалтаас харахад манай гараг 2100 он гэхэд 2.7 хэмээр дулаарах тооцоотой байгаа юм байна.