БНХАУ нэг жилд 2.3 тэрбум ам.долларын цай экспортолж байна

Өнгөрсөн 2021 онд дэлхийн цайны үйлдвэрлэл 3.8 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд хэмжээ байсан талаар “СNN” агентлаг мэдээлжээ. Үйлдвэрлэгдэж байгаа цайны дийлэнх хувийг ногоон цайны сорт эзэлдэг бөгөөд БНХАУ ийм төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын хэмжээгээрээ бусад улс орнуудыг тэргүүлж байгаа юм байна. 

Хятадын цайны үйлдвэрлэл өнгөрсөн жилүүдэд үлэмж хэмжээгээр нэмэгдэж Энэтхэг, Индонез зэрэг улсын үйлдвэрлэж буй хэмжээг нэг дахин нугалж бараг л 2 сая орчим тоннд хүрээд байна. Түүнчлэн Хятад улс цайны төрлийн бүтээгдэхүүнийг олон улсад нийлүүлж буй хэмжээгээрээ тэргүүлж 2015 оноос хойш жил бүр 2 тэрбум ам.доллароос дээш орлогыг төвлөрүүлж чадсан гэдгийг “CNN” агентлаг онцолжээ. Өмнө нь БНХАУ-ын хөдөө аж ахуйн гол экспортын бүтээгдэхүүнийг цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шиш зэргээр төсөөлдөг байсан ч цайны ургамал тариалдаг гэдгийг нь анзаардаггүй байсныг шинжээчид хэлж байна. Дэлхий дахин эрүүл амьдралын хэв маягт шилжиж байгаатай холбогдуулан ногоон, хар, эмийн ургамлын ханд бүхий цайны эрэлт ихсэж, нийлүүлэлтийн ачаалал оргил үедээ хүрээд байгааг шинжээчид мөн тэмдэглэжээ. Ийм төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээ нь 2026 онд 86 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа тул хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн голлох бүтээгдэхүүн маргаангүй цай болно гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Тоо баримтаас харвал Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд зөвхөн цайны экспортоос олж буй орлого жил бүр 1 хувийн жин дардаг байна. Тэгвэл АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын нийт орлого нь өнгөрсөн онд ДНБ-д хоёрхон хувийн хувь нэмэр оруулсан байна. 

Хүмүүс эрүүл мэндэд үзүүлэх цайны ашиг тусыг улам бүр ухамсарлаж, илүү сайн чанарын цайны төлөө илүү их мөнгө төлөхөд бэлэн болсноор Хятадын цайны жижиглэнгийн борлуулалтын үнэ цэнэ, үйлдвэрлэл, хэрэглээ ойрын хэдэн жилд өсөх төлөвтэй байна. АНУ-ын зах зээл дээр зарагдаж буй сайн чанарын Хятад цайны үнэ нэг килограмм нь 1000 ам.доллароос 180 мянга гаруй ам.долларт хүрээд байгаа юм байна. Хятадын гаалийн мэдээгээр 2021 онд бараг бүх төрлийн Хятад цайны экспортын үнэ 8-85 хувиар өссөн үзүүлэлттэй байна.