ДЭМБ-аас 21-ээс дээш насны нэг хүнд жилд 7 литрээс илүүгүй цэвэр спирт ногдох ёстой гэж заасан бол монгол хүнд 12 литр ногдож байгаа гэх судалгаа байдаг. Тиймээс ДЭМБ-аас улс орнуудад архины хяналтын бодлогыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн бөгөөд уг зөвлөмжид архины хүртээмжтэй байдлын хязгаарлалт хийх, архинд ногдуулах үнэ, татварын бодлогыг өөрчлөхийг тусгасан.
Архи, согтууруулах ундаанд хатуулгаас нь хамаарч онцгой албан татвар ногдуулдаг. 2012 оны байдлаар 25-40 хүртэл хатуулагтай архинд 4 ам.долларын онцгой албан татвар ногдуулж байсан бол 2015 онд татварыг 5800 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Харин онцгой албан татварын хуульдаа Монгол улс 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан ч татварын хэмжээг ердөө 1000 төгрөгөөр л нэмжээ.
Согтууруулах ундааны хэрэглээг маш өндөр хувиар бууруулж чадсан улс орнууд татварын бодлогодоо өөрчлөлт оруулах замаар арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл манай улсад хийгдсэн судалгаагаар онцгой албан татварыг 40-50 хувиар нэмэгдүүлэхэд архины хэрэглээ 10-20 хувиар буурна гэсэн тооцоо байна. Харин АНУ-ын хуурай хууль шиг хориглох арга хэмжээ авбал сөрөг үр дагавар дагуулсан жишээ ч бий.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дагаж, хамт өргөн мэдүүлсэн онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд татвар нэмэх асуудал тусгагдаагүй. Харин архидан согтуурах болон донтох өвчний хор уршигтай тэмцэх сангийн орлогыг бүрдүүлэхдээ архины хатуулгын хэмжээнээс хамаарч нэг литр тутамд 200-300 төгрөгийн онцгой албан татвар авах талаар л тусгажээ.