5-р сарын 1-ээс хурууны хээ уншуулахгүй тоон гарын үсэг ашиглан үйлчилгээ авдаг болно

Манай улс анх 10 жилийн өмнө Тоон гарын үсгийн тухай хуулийг баталсан боловч өнөөдрийн байдлаар 40 орчим мянган гарын үсэг хэрэглээнд нэвтэрсэн. Татварын байгууллага татвар төлөгч ААН-ийн тайланг цахимаар авахын тулд тоон гарын үсэг ашиглаж эхэлсэн. Тоон гарын үсгийг иргэдэд олгосноор дараах давуу талууд бий болох юм. Нууцлал, аюулгүй байдал, хялбар үйлчилгээ, стандартад нийцтэй олон улсад шалгарсан шийдэлтэй байх юм. 

Манай улсад 2011 онд Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан. 2014 онд цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн журмууд батлагдсан, 2015 анхны тоон гарын үсгийн гэрчилгээ олгох төв байгуулагдсан, 2018 онд шинээр 3 компанид тоон гарын үсгийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл олгосон, 2019 онд сим картад суурилсан тоон гарын үсгийн шийдэл буюу утаснаас ажиллах хүртээмжтэй хэрэглээг нэвтрүүлсэн, 2021 онд хэрэглэгч ямар нэг төхөөрөмжөөс хамааралгүйгээр зөвхөн аппликэйешн ашиглан гарын үсэг зурах боломжтой болсон юм.

Тоон гарын үсгийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай байна. Бүх нэгж буюу сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүд, цахим машинаар дамжуулан иргэдэд тоон гарын үсэг олгохоор төлөвлөөд байна. 16-аас дээш насны иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ 12 орон бүхий тоон гарын үсэг олгох юм. 

Иргэд утас, компьютер, токен, чип хэлбэрээр авъя гэвэл тоон гарын үсэг олгох компаниудаас хэдэн ч хэлбэрээр авах боломжтой. Хоёр дахь гарын үсгийг тоон гарын үсгийн компаниудаас тухайн компанийн үнэ тарифаар авах боломжтойгоор хуульд тусгаж өгсөн. Мөн ААН-үүд тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдээс, гадаадын иргэд Монгол улсад үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна гэвэл тусгай зөвшөөрөлтэй компаниудаас гарын үсгээ авах бүрэн бололцоотой болж байна.