Нийслэлд хашаа, хайс барих зөвшөөрөлтэй 16 төрлийн байгууллага байдаг

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулах хориотой байдаг. Гэтэл Нарны замын зүүнээс баруун чиг дагуу явган хүний замыг бүтнээр нь хааж усны хоолой татсан зураг цахим орчинд цацагдсаны дагуу нийслэлийн холбогдох газраас шуурхай арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулсан байна.

Нийслэлийн засаг дарга газрын зөрчил арилгах арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа. Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн газарт болон ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах юм. Хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллага байдаг. Үүнд

  1. Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтын байгууллагууд
  2. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар
  3. Цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллага
  4. Ерөнхий боловсролын сургууль, тусгай сургууль
  5. 2,3-р шатлалын эмнэлэг
  6. Инженерийн дэд бүтцийн барилгаа байгууламж
  7. Цэнгэлдэх болон цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн
  8. Гадна авто цогцолбор болон техникийн зах, ил худалдааны зах
  9. Бүх төрлийн эрүүл ахуйн болон аюулгүй шаардлагыг хангуулах зориулалтын барилга байгууламж
  10. Цацраг идэвхт болон химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэх, ашиглах, агуулах зориулалтын барилга
  11. Энгийн болон аюултай хог хаягдлын цэгийн барилга
  12. Үйлдвэрлэл, агуулахын зориулалтын эдэлбэр газар
  13. Түүх, соёлын өв, дурсгалт газар, хийд
  14. Амралт сувилал, хүүхдийн зуслан
  15. Амины орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар
  16. Төрөл бүрийн спортын талбай

Энэ жагсаалтад багтаагүй барилгын гадна хашаа барих ёсгүй. Өөрөөр хэлбэл, оффис, орон сууц, хотхонууд бүгд хашаагаа буулгах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн бага тойруу буюу хотын төв хэсэгт зөвшөөрөлгүй 1779 хашаа, хайс байгаа юм байна.