Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Он дамжин үргэлжилж байгаа бүтээн байгуулалтыг Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа. Энэ оны 10 дугаар сард азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн ч удаашралтай байгааг олон нийт шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл замын бүтээн байгуулалт удааширч байгаа шалтгаануудыг тайлбарлая.
- 2021 оны хавар гүйцэтгэгч компанид гэрээ цуцлах маргаанаас болж ажил гүйцэтгээгүй. Мөн зарим гүйцэтгэгч компаниудын кэмпүүдэд ковид-19-ийн халдвар гарч тэг зогссон тохиолдол ч байна.
- Уг төсөлд Үндэсний аудитын газраас өнгөрөгч оны сүүлийн дөрвөн сарын турш хяналт, шалгалт хийж, дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд замын чанар, стандарт тааруу байсантай холбоотой анхаарал татахуйц дүгнэлтүүд байна.
- Мөн хучилтын зузаан төлөвлөснөөсөө нэг см-ээр багассан, санхүүжилтийн 20.6 сая ам.долларыг юунд зарцуулах нь тодорхойгүй, богино хугацаанд чанаргүй ажил гүйцэтгэсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.
- Нийт 204.2 км авто замыг таван багц болгон хувааж өөр өөр компаниуд тендерт шалгарсан. Өнөөдрийн байдлаар 1, 3, 5 дугаар багцад эхний хоёр эгнээ зам тавих ажил дуусах шатандаа орсон байна.
Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан байдаг. Замын ажил удааширч, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам тоосжилт их, иргэдийн автомашинд эвдрэл гэмтэл үүсэх, осол аваар буурахгүй гэх шүүмжлэлийг байнга дагуулж байгаа. Зарим гишүүдийн зүгээс авто замын бүтээн байгуулалт цаг хугацаа алдан, гүйцэтгэлийн шатанд алдаанууд гарч байгааг хэллээ.
Одоо ашиглагдаж байгаа хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж байгаа юм. 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.6 км авто замын барилгын ажил хийгдээгүй удааширсан.
Засгийн газар, Улсын их хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлэхэд таван чиглэлд анхаарч ажиллахаар болсон байна. Замын бүтээн байгуулалтад иргэдийн хөндлөнгийн хяналтыг оруулах бол мэргэжлийн хяналт давхар хяналтаа тавих ёстойг Зам тээврийн хөгжлийн сайд хэллээ.
Өнгөрөгч нэгдүгээр сард Засгийн газраас Дарханы авто замыг 2023 онд дуусгах чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа гэдгийг салбар яамнаас мэдэгдээд байгаа юм.