УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хуулийн төслийг дэмжжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэн дэмжиж УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болсон байна.

Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж байгаа бодлогын толь гэгддэг. Монголын зах зээлд валют хомстсон нь өнгөрсөн хугацаанд экспортод асуудал үүссэнтэй  холбоотой гэдгийг Улсын их хурлын зарим гишүүд хэлж байна. Энэ нь Монголын төр хийх ажлаа хийхгүй байгаагийн хангалттай жишээ гэх ч нэгэн байсан юм.

Сангийн сайд гол нэрийн бараа бүтээгдэхүүн дээр нэмээд цагаан будаа, элсэн чихэр, эм, эмнэлгийн хэрэгслийг нэмж оруулах талаар Засгийн газар дээр ярилцаж, багагүй судалсан гэлээ. Мөн хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцад хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн. Нэг үгээр хэлбэл богино хугацаанд хэрэгжих юм.

Гишүүдээс Монголбанк ажлаа сайн хийгээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэдгийг мөн хэлж байлаа. Монгол улс валютын хоёр ханштай болчихсон. Энэ бол Монгол улсад сүүлийн 20 гаруй жил үзэгдээгүй тохиолдол. Ханш унаж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаа юм. Мөнгөний бодлогоо зөв болгож, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байгааг гишүүд шүүмжлэлээ.

Түүнчлэн нэн тэргүүн тээврийн асуудалд анхаарах ёстой. Тээврийн гацаа, өндөр төлбөрийг бууруулж байж инфляцийг бууруулах боломж гарч ирнэ гэлээ. Мөн экспортод гардаг түүхий эдийн урсгалыг нэн даруй сэргээх хэрэгтэйг гишүүд санууллаа.