2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт сугалаагаар хүүхэд хамруулахгүй

Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна. Одоогоор нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн хэт өндөр ачаалал үүссэн байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, нийслэл хамтран гаргах нь зүйтэй гээд эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг үүрэг болголоо. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдал арилсан байх ёстой гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 674 цэцэрлэг байгаагаас 216 нь төрийн өмчийн, 398 нь хувийн цэцэрлэг байна. Цаашид хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх байдлаар хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 170 орчим цэцэрлэг ашиглалтад оруулаад байна. Эдгээр цэцэрлэг ашиглалтад орсон ч цэцэрлэгийн хүртээмж сайжирна гэсэн үг биш гэлээ.