УИХ мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар өнөөдөр гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа. 

Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх юм. Мөн үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийг олгохоор хуульд тусгаж өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгож байгаа юм. Түүнчлэн  мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг засгийн газар зохицуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж өгсөн юм.

Дэгийн дагуу хуулийг 39-өөс дээш гишүүний саналаар эцэслэн батлах ёстой. Хуралдаанд оролцсон гишүүдийн 42 буюу 87.5 хувь нь дэмжсэнээр уг хуулийг эцэслэн баталсан юм.