ОХУ барууны орнууд руу экспортолдог их хэмжээний эрчим хүчний бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй орнууд руу хялбархан шилжүүлэхийн зэрэгцээ дотоодын газрын тос, байгалийн хий, нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой гэж Кремлийн тэргүүн Владимир Путин мэдэгджээ. Одоогийн байдлаар ихэнх улс орнууд ОХУ-ын эрчим хүчний импортод шууд хориг тавихгүй байгаа ч худалдан авагчид өөр зам суваг хайж байгаа эсвэл тээвэр, логистикийн асуудалтай тулгарсан зэргээс шалтгаалан ОХУ-ын эрчим хүчний экспорт буурч эхэлсэн талаар баримтууд ил болсоор байна.
Владимир Путин Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзахдаа “ОХУ эрчим хүчний экспортын асуудлыг шийдвэрлэх ёстой” гэдгийг олон нийтэд нээлттэйгээр анх удаагаа хүлээн зөвшөөрчээ. Олон тооны худалдан авагчид ОХУ-ын газрын тосыг хүлээн авахаас татгалзах эсвэл гэрээний хугацаа дуусмагц худалдан авалтыг дуусгавар болгохоо амласан гэх мэдээлэл гараад байгаа юм. Харин ОХУ-ын зүгээс газрын тосны экспортынхоо зарим хэсгийг Ази руу чиглүүлж, худалдан авагчдыг татахын тулд нэн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байна. Одоогоор АНУ ОХУ-аас түүхий газрын тосны бүтээгдэхүүн импортлохыг бүр мөсөн хориглоод байгаа бөгөөд оны эцэс гэхэд Их Британи мөн адил арга хэмжээ авах төлөвтэй байгаа юм.
"Бид ирэх жилүүдэд газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг өрнөд рүү бус дэлхийн бөмбөрцгийн Өмнөд болон Зүүн бүсийн зах зээл рүү чиглүүлэх боломжтой төмөр зам, хоолой, боомт гэх мэт дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэх хэрэгтэй байна. Бид газрын тос, байгалийн хийн компаниудтай хамтран ажиллаж, Африк, Латин Америк, Ази-Номхон далайн орнууд руу экспортын дэд бүтцийг өргөжүүлэх төлөвлөгөөг боловсруулах хэтийн төлөвийг харах нь чухал байна. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэдэд шатахууныг боломжит үнээр худалдах, хөдөө аж ахуйн салбарт нэн шаардлагатай байгаа шатахуун, эрчим хүчийг мөн хямд үнээр худалдахыг дотоодын эрчим хүчний компаниудад санал болгож байгаа."
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин
Энэ сарын эхний хагасын байдлаар ОХУ-ын газрын тосны олборлолт сүүлийн хоёр жилийн хугацаанд байгаагүй их хэмжээгээр буурч, өдөрт дунджаар 10 сая баррель болсон хэмээн “Bloomberg” агентлаг тус улсын түлш, эрчим хүчний ерөнхий судалгааны байгууллагын мэдээлэлд үндэслэн тооцоолсон байна.