Малын шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын аянтай холбоотойгоор УОК-оос хурдан морины уралдааныг 5-р сарын 15-ны өдрийг хүртэл түр хориглосон шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт гаргасан байна.Тэгвэл уг шийдвэрийг Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийжээ.
Малын шүлхий өвчний гаралт, тархалтыг хумих дархлаажуулалтын аяныг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ний өдрийн хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Дархлаажуулалтын явцад болон вакцин таригдсаны дараа тодорхой хугацаанд малын бөөгнөрөл үүсгэх, шилжилт хөдөлгөөн хийх нь дархлаажуулалтын ажлын үр дунд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн вакцины дархлаа бүрэн тогтохоос өмнө голомтын болон сэжигтэй бүсээс малын шилжилт хөдөлгөөн хийх, халдвар дахин нэмэгдэх эрсдэлийг бий болгох эрсдэлтэй тул энэ 5-р сарын 15-ны өдрийг дуустал бүсчилсэн болон бусад морины уралдаан зохион байгуулахыг улсын онцгой комиссоос хориглосон байна. Тэгвэл уг хоригийг үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс шүүмжилж хугацааг цаашид сунгахгүй байх талаар хүсэлтийг улсын онцгой комиссод хүргүүлээд байна.
Ирэх сарын 1-ний өдөр улс орон даяар морины уралдаан зохион байгуулна гэдгийг мэдсээр байж цагийг нь тулгаж уралдааныг хориглосонд уяачид дургүйцлээ илэрхийлж байгаа юм байна. “Үүнийг урьдчилан мэдэгдсэн бол уяачид морьдоо тавиад, зуныхаа уяаны ажлаа бодох байсан. Цаг тулсан үед гэнэт хориглох шийдвэр гаргасан нь нийт уяачдын эрх ашиг, эдийн засагт хохирол учруулж байна" гэж мэдэгджээ.