Хөнгөн галт тэрэг нэвтрүүлбэл авто зам дээрх зохицуулалтыг сайтар хийх шаардлагатай

Нийслэлчүүд 2020 онд метротой болно гэсэн сонины мэдээ иргэдийн дунд мөрөөдөл хэвээр үлдэж, нийслэлийн удирдлагууд түгжрэлийг шийдэх дараагийн шийдэл болгон танилцуулсан нийтийн тээвэр нь light rail train буюу хөнгөн галт тэрэгний төсөл байлаа. Метрог заавал тунел байгуулж нэвтрүүлдэг бол хөнгөн галт тэргийг авто замаар, гүүрэн байгууламж бүхий агаарын зам дээр эсвэл хослуулан нэвтрүүлэх боломжтой юм байна. Энэ ч утгаараа метроны төсвийг LRT-тай харьцуулахад 3-6 дахин их өндөр өртөгтэй буюу 1.5-2.5 тэрбум ам.доллар шаардагддаг. Харин LRT төслийг хэрэгжүүлэхэд 1 км-ийн төсөв 10-50 сая ам.доллар юм байна.

Метро байгуулахад тунелиэс 3 км-ийн радиуст газар чөлөөлөх шаардлагатай. Мөн бүтээн байгуулалтын ажил 5-10 жилийн хугацаанд өрнөдөг. Харин LRT төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөх хугацаа  болон зардал нь бага. Гэхдээ авто замтай LRT-ийг холбох гэж байгаа тохиолдолд замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хийх, бусад тээврийн хэрэгслүүдтэй холбох ухаалаг шийдэл хэрэгтэйг мэргэжлийн хүн онцолж байна. 

Улс орнуудын жишгээр 17 км LRT байгуулах төсөв 500 сая ам.доллар байгаа бол Монгол улсад 17 км LRT байгуулах төсөв 926 сая ам.доллар байна.