Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2577 эрүүл мэндийн байгууллагатай гэрээтэй ажиллаж байна

Та, бид Эрүүл мэндийн даатгалд сар бүр цалингийнхаа тодорхой хувийг төлдөг. Үүнийхээ төлөө эрүүл мэндийн байгууллагаас тохирсон үйлчилгээгээ авах ёстой ч авч чаддаггүй.  Улсын эрүүл мэндийн байгууллагуудад төлбөр төлж үйлчлүүлдэг нь бодит үнэн. Улмаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо алдагдан, хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага үүссэн гэж салбарын төлөөлөл үзэж байна. Үргэлжлүүлэн зарим тоо баримтуудыг хүргэе. 

  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2577 эрүүл мэндийн байгууллагатай гэрээтэй ажиллаж байна. Үүний 78 нь улсын эрүүл мэндийн байгууллага, 338 нь хувийн хэвшлийн лавлагаа шатлалын байгууллага, 536 нь анхан шатны эрүүл мэндийн байгууллага, бусад нь эмийн сан байна.
  • Санхүүжилт олгосон байдлаар авч үзвэл Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлэгт 277.6 тэрбум, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлэгт 160.6 тэрбум, анхан шатны тусламж үйлчилгээнд 298.3 тэрбум, орон нутагт 240.8 тэрбум төгрөгийн төгрөгийн санхүүжилт 2021 оны 12-р сарын байдлаар олгожээ.
  • 2021 оны 12 дугаар сарын байдлаар улсын эмнэлэг нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. 2022 оны нэгдүгээр сард нэмэлтээр 196.7 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэлтээр авсан байна. 
  • 2021 оны төсвийн тодотгол цэвэр эрүүл мэндийн салбарт хийгдсэн. Үүнээс 110 тэрбумыг хөдөө орон нутагт тоног төхөөрөмж худалдаж авахад зарцуулжээ. Орон нутгийн нэгдсэн эмнэлгийг чадавхжуулах зорилгоор хөрөнгө оруулалтуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм байна.

Жишээ нь нэг өрхийн гишүүн эрүүл мэндийн шалтгаанаас болж хүнд өвчин тусвал тухайн гэр бүл чигтээ дампуурлаа зарлана. Учир нь эмчилгээний зардлаа төлөхийн тулд өр зээл тавьж, зээлийнхээ дарамтаас гарахын тулд гэр орноо хүртэл зардаг олон жишээ баримт бий. Гэтэл Эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг төрийн эмнэлгүүд нь төсөв мөнгөгүй, ажилчид нь цалин хөлсөө ч авч чадахгүй байдалд байна.

Одоо даатгалын сангаас есөн төрлийн үйлчилгээг санхүүжүүлж байгаа ч иргэд эрүүл мэндийн даатгал төлснөөр ямар үйлчилгээ авах эрхтэй гэдэгээ тэр бүр мэддэггүй. Үүний балгаар даатгалын үр шимийг хүртэж чадахгүй тохиолдол бий. Иймд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог эрх зүйн орчинд дахин өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна.

Эрүүл мэндийн даатгалд төвлөрсөн мөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах нь тухайн эрүүл мэндийн байгууллагуудын бүрэн эрх. Тиймээс цаашдаа бүрдүүлсэн төсвийг зориулалтын дагуу ашиглаж, даатгуулагч иргэндээ хэрхэн  өгөөжтэй байх вэ? гэдэг асуудал хамгийн чухал. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага бий болсон байна.