Нийслэлчүүд Богдхан уулын Чандманийн амыг эртнээс Хийморийн овоо хэмээн нэрлэж шүтэж ирсэн. Тэгвэл Хийморийн овооны дэргэдэх уулыг “Лувсан Данзанравжаа” ТББ-аас тэгшилж барилгын ажлыг эхлүүлсэн байна. Уг газар Богдхан уулын дархан цаазат газар учир шашин номын цогцолбор барих ажлыг иргэд дэмжихгүй байна.
Богд уулын орой хэсэгт “Цэцгэн Эрхит Ловон Бадамжунай” бурхны хөшөө бүхий бүтээн байгуулалт хийгдэж эхэлжээ. Тус төслийг эхлүүлсэн ТББ бурхан багшийн хөшөө бүтээх зориулалтаар 2014 онд 1,7га газрын зөвшөөрлийг авсан бол 2018 онд газраа өргөжүүлж 51га газрын зөвшөөрлийг авсан байна. Улмаар 2021 оны 8-р сараас эхэлсэн тус бүтээн байгуулалтын зураг төслийн ажил эхэлжээ. Уг бүтээн байгуулалт босох 51га газарт дүүжин гүүр, алхалтын зам, ногоон байгууламж болон 200 автомашины зогсоол тусгагдсан байна. Одоогоор тус бүтээн байгуулалтын ажил бичиг баримтын зөрчилтэй гэх асуудлаар түр зогсоод байгаа юм.
Богдхан уулын дархан цаазат газар нийтдээ 42271.24га нутаг дэвсгэртэй. Үүнээс хязгаарлалтын бүс нь 12035.9га газар байна. Хамгаалалтын бүс нь 23314.48га газар байгаа юм. Харин онгон бүс нь А,Б буюу 69021.66га газар байгаа бол ямар ч зориулалтаар ашиглах боломжгүй буюу ЮНЕСКО-д бүртгэлтэй газрын нийт хэмжээ нь 44650га байна. Гэвч Богдхан уулын дархан цаазат газраас одоогоор талыг нь хувийн эзэмшилд буюу ашиглалтад өгсөн байгаа юм. Салбарын зүгээс үлдсэн газраа хамгаалж аврах тал дээр ажиллаж байгаа гэлээ.
Харин иргэдийн зүгээс богд уулын орой хэсэгт “Цэцгэн Эрхит Ловон Бадамжунай” бурхны хөшөө бүхий бүтээн байгуулалт барих асуудал дээр өөр байр суурьтай байна.
Аялал жуулчлалын зориулалтаар уг газарт цогцолборын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болсон. Харин цаашид үйл ажиллагааны менежментийг аль газраас хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Тодруулбал Чандманы ам буюу Хийморийн овооны дэргэдэх уулын оройд сүндэрлэх бүтээн байгуулалтын урсгал зардлыг хаанаас гаргах мөн олох орлогыг улс зохицуулах уу? хувь завших уу? гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.