Сурах бичгийн хүрэлцээ хангамж тааруу байгааг жил бүр ярьдаг. Өнөөдөр ч энэ байдал хэвээрээ буюу гурван хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байна. Хэдийгээр хичээлийн шинэ жил дуусах дөхөж байгаа ч төгсөх ангийн сурагчдад сурах бичгийн хүрэлцээ муугаас хичээлээ давтаж чадахгүй байдалд хүрчээ. Тэр дундаа орон нутагт сурах бичгийн хүрэлцээ 60 гаруй хувьтай байгаа юм
Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд цахим болон танхимын сургалт хослуулсан сурагчид одоо жигдэрч эхэлтэл хичээлийн шинэ жил дуусаж байгаа юм. Багш болон сурагчдын өмнө хичээл хоцрогдлыг арилгах гэсэн том асуудал байна. Үүнтэй тэнцэхүйц дараагийн нэг асуудал нь сурах бичгийн хүртээмж болоод байна.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурах бичгийн хүрэлцээ улсын хэмжээнд муу байгаа юм. Хүн ам ихтэй хотын захын дүүргийн сургуулиуд нэг ангид 30-45 хүүхэд суралцаж байна. Нэг ширээнд гурван хүүхэд суух тохиолдол хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл гурван хүүхэд дундаа нэг номтой байх нь энгийн асуудал болж хувирчээ.
Нийт сурагчдын 50-70 хувь түрээсийн сурах бичгээр хангагджээ. Өнгөрсөн намрын турш багш, сурагч, эцэг эхчүүдийг багагүй тэвдүүлсэн сурах бичгийн асуудал ирэх намар ч үүсэх эрсдэлтэй учраас асуудлыг эртнээс шийдэх хэрэгтэй байна.