Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгджээ

Хөгжлийн банканд энэ онд 800 тэрбум төгрөгийг зайлшгүй эргэн төвлөрүүлж байж тус банк энэ жилийнхээ балансыг барих юм байна. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөд анхаарч, үр дүн гарган, алдагдлын санг буцааж буулгах төлөвлөгөөтэй ажиллана гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ.

Хөгжлийн банк 6-р сарын 30 гэхэд тус 800 тэрбум төгрөгийн талыг нь төлсөн байх шаардлагатай. Мөн банкны хагас жилийн тайланд аудит оруулах юм байна. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө гэж Сангийн сайд мэдээллээ. Мөн энэ онд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Монгол улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч байгаа эх үүсвэрээр Самурай бондын өрийг төлөх, зах зээл дээрээс буцаан худалдан авч өрийг бууруулах асуудлыг дэмжиж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг тус банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах чиглэл гарсан. Тус ажлын хэсэг нь барьцаа хураах зэрэг ажиллагаа хийхгүй бөгөөд ерөнхий бодлогын болон зарим зарчмын шийдэл гаргахад  зөвлөмж өгөх чиг үүрэгтэй юм байна.