ЗГ-ын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг бол Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалт юм. Өнөөдрийн байдлаар төмөр замын газар шорооны ажил дуусах дөхөж байгаа бөгөөд ирэх 10-р сард бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөх юм байна. Төмөр замын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд болон хугацаат цэргийн алба хаагчид оролцож байгаа юм.
- Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг нь 400 орчим сая доллар.
- Төмөр зам ашиглалтад орсноор манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм байна.
- Уг төмөр зам Дорноговь аймгийн Мандах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар дамжиж Ханги боомт хүрэх юм. Нийт хоёр өртөө, зургаан зөрлөгтэй, өргөн царигтай байхаар төлөвлөсний дагуу бүтээн байгуулалтын ажил өрнөж, үндсэндээ дуусах шат руугаа орж байгаа юм байна.
- Зүүнбаян-Ханги чиглэлийн 200 гаруй километр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 100 гаруй байгууллага аж ахуй нэгж хамтран ажиллаж, 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа нь цар тахлын дараах улс орны эдийн засагт ач холбогдолтой ажил болж байна гэж үзэж байна.
Дорноговь аймгийн мандах сумын 4-р багийн нутаг Сэрвэн Баян Хошуу багийн Халзан гэдэг газар энэ бүтээн байгуулалт өрнөж байна. 200 гаруй км төмөр зам барих ажилд 32 аж ахуйн нэгж ажиллаж байна. Хамгийн бага нь 4 км, хамгийн их нь 10 км зам барихаар гэрээлжээ. Бүтээн байгуулалтын хамгийн том ажил нь ул шороо далангийн ажил байдаг. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил дуусах шатандаа орсон байна.
Төмөр замын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний төмөр замын ангид алба хааж байгаа хугацаат цэргүүд ажиллаж байгаа юм. Тэд өөрсдийн эзэмшсэн мэргэжлээсээ гадна давхар төмөр замын мэргэжилтэн болохоос гадна цалинтай ажиллаж байна.
Эдийн засгийн үр өгөөж талаас нь үзвэл Замын-Үүд дэх ачаалал их буюу бараа бүтээгдэхүүний татан авалт удааширсан хэвээр байгаа. Энэ хүнд үед экспорт, импортыг зогсолтгүй үргэлжлүүлэх нь чухал. Өнөөдөр Замын-Үүдээр экспортын Транзитын өдөртөө 14 цуваа галт тэрэг гарч байгаа. Харин Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр ашиглалтад орсноор энэ ачааллыг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.