АНУ-ын инфляцийн түвшин өнгөрсөн 4-р сард 8.3 хувьд хүрсэн нь шинжээчдийн таамаглаж байснаас 4 дахин өндөр байна. Тус улсын инфляцийн өсөлтөд эрчим хүчний бүтээгдэхүүн, хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.
4-р сард АНУ-д хэрэглээний үнэ хүлээлтээс илүү өсөлттэй гарсан нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаанд нөлөөлж улмаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ огцом өсгөхөд хүргэжээ. Тухайлбал тус улсын Хөдөлмөрийн яамнаас нийтэлсэн тоо баримтаас харахад, хүнс, эрчим хүчийг оруулаагүй хэрэглээний үнийн индекс 4-р сард өмнөх сараас 0.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна. Харин ерөнхий хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.3 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөн нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн дээд үзүүлэлт болжээ. Өнгөрсөн сард орон сууц, хоол хүнс, онгоцны тийз, шинэ автомашины үнэ хамгийн ихээр өссөн байна.
“Блүүмберг” агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчид хүнс, эрчим хүчийг оруулаагүй хэрэглээний үнийн индексийг өмнөх сараас 0.4 хувиар, ерөнхий хэрэглээний үнийн индексийг 0.2 хувиар өснө гэж таамаглаж байжээ. Сүүлийн үеийн мэдээллүүд АНУ-ын инфляц дээд цэгтээ хүрсэн байж магадгүйг илтгэж байгаа ч үнийн өсөлт өндөр байгаа нь инфляц удаан хугацаанд өндөр хэвээр байна гэдгийг харуулж байна гэж шинжээчид мэдэгджээ.
Үнийн өсөлтөд эрэлт нэмэгдсэн ч цар тахлаас үүдсэн нийлүүлэлтийн саатал бий болсон, геополитикийн асуудалтай холбоотойгоор түүхий эдийн үнэ огцом өссөн зэрэг нь голлон нөлөөлж байна. Ийнхүү 40 жилийн дээд түвшинд хэлбэлзэж буй “Инфляцийг бууруулах нь дотоодод нэн тэргүүний асуудал” гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд байгаа юм. Мөн Холбооны нөөцийн сан инфляцийг тогтворжуулахаар бодлогын хүүгээ үе шаттайгаар нэмэх арга хэмжээ авсаар байна. Өнгөрсөн 3-р сараас хойш нийт 75 суурь нэгжээр өсгөснөөр бодлогын хүү 1 хувьд хүрсэн бөгөөд үүнийг шинжээчид сүүлийн 22 жилийн хамгийн чанга хатуу арга хэмжээ гэж тодорхойлж байна.