Манай улсад хүн амын өсөлт эрчимжиж, төрөлт нэмэгдэж байгаа ч тэр хэрээр ургийн эмгэг ч мөн нэмэгдэж байна. Ургийн эмгэгийн дийлэнх нь жирэмсний хожуу үедээ оношлогддог нь 2016 оны судалгаагаар тогтоогдож байжээ. Энэ нь манай улс ургийн эмгэгийн эрт илрүүлэг шинжилгээг сайжруулах цаг болсныг илтгэж байна хэмээн судлаачид, эцэг эхийн төлөөлөл хэлж байна.
Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд нярай үед үүссэн буюу ургийн үед үүссэн эмгэг 44.2% эзэлж байна. Тэгвэл манай улсад төрөлхийн гажиг жирэмсний ямар хугацаанд оношлогдож байгааг судлахад дийлэнх нь хожуу үедээ оношлогдсон байна. Тодруулбал, ургийн төрөлхийн гажиг 33-39 долоо хоногтойд 38% нь, 29-32 долоо хоногтойд 27% нь, 22-28 долоо хоногтойд 20%, харин 13-21 долоо хоногтойд 15% нь хэт авиа оношлуур буюу эхогоор оношлогдсон байна.
Ийм хожуу хугацаанд ургийн төрөлхийн гажиг оношлогдох нь амьдралд үл нийцэх гажиг мөн төрөлхийн болон удамшлын гажигтай ургийн төрөлтийн давтамжийг нэмэгдүүлжээ. Манай улсын ургийн гажигтай, өвчлөлттэй төрсөн хүүхдүүдийн эцэг эх улсын болоод хувийн эмнэлгээр жирэмсний хяналтдаа цаг хугацаанд нь орж байсан ч ураг гажигтайг эмч нар эрт илрүүлж чадаагүйд гомдолтой байдаг гэлээ.
Харин мэргэжилтний зүгээс бүх ургийн гажгийг эрт илрүүлэх боломжгүй гэж хэлж байна. Ургийн гажгийг хяналтын үед хянаж байсан ч гажигтай хүүхэд төрсөн тохиолдолд эмчийн зүгээс ямар нэг хариуцлага хүлээх хуулийн заалт байхгүй гэлээ.
2005 хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хотод 1990-1999 онд төрсөн нийт нярайд ургийн төрөлхийн хөгжлийн гажиг 1000 амьд төрөлтөнд 1.48 хувь байсан бол 2000-2004 онд 2.15 болж нэмэгдсэн байна. Харин ЭХЭМҮТ-ийн 2016 оны тайланд ургийн төрөлхийн гажгийн тохиолдол 1000 амьд төрөлтөнд 6,5 болж өссөн байна. 2017 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтэд 8,8 болж өсжээ. Ургийн гажиг энэ мэтчилэн жилээс жилд тохиолдох давтамж нь нэмэгдэж байна.иймд манай улс ургийн гажгийн эрт илрүүлгийг чанартай болгох шаардлагатайг ургийн гажигтай, гажгаас шалтгаалан хүнд өвдсөн хүүхдүүдийн эх эцгүүд шаардаж байна.