Өнөөдрийн байдлаар төрийн албанд нийт 20 орчим мянган албан хаагч ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 637 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан бөгөөд энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хариуцлагын тогтолцоо болон ёс зүйн зарчмыг илүү чангатгахаар болжээ.
Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлийн үндсэн шалтгаан нь хүнд суртал, харилцааны доголдол, шударга бус үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварын дутмаг байдал их байгаа юм. Мөн төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхдээ танил тал, улс төрийн намын харьяалал харгалздаг жишиг тогтоод удсан гэдэг нь судалгаагаар гарсан байдаг. Тиймээс төрийн албаны зөвлөлийн дэргэд ёс зүйн хороо байгуулж ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Шинэ хуулиар ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэхээр болж байна. Нэг үгээр хэлбэл төрийн алба дарга дагасан биш иргэдийн төлөө, иргэдийн өмнө үйлчлэх ёстой гэдгээ хамгийн түрүүнд ухамсарлаж, ёс зүйгээ баримтлах нь чухал юм.
Төрийн албанд ажиллах хүн төрийн албаны чадвар, чадамж муутайдаа биш тухайн салбараа мэдэхгүйгээс төрийн албаны нэр хүндийг бүхэлд нь унагааж байгаа юм. Энэ нь улс төрийн томилгоо төрийн албанд оролцдогын жишээ гэдгийг зарим гишүүд шүүмжилж байна. Тиймээс төрийн албаны босгыг тогтоохдоо тухайн салбартаа мэргэшсэн гэж хуульчилж өгөх нь төрийн алба илүү чадвартай, ёс зүйтэй байх зарчим мөрдөгдөнө гэж байна.
Дэлхийд ёс зүйн код болон тусдаа бие даасан хуультай хэдхэн улс орнууд байдаг байна. Жишээлбэл Япон, Герман, Солонгос зэрэг улсын төрийн албаны тухай хуулиудад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хуульлчилсан байгаа юм. Хуулиндаа төрийн албан хаагч зөрчил гаргасан бол нэмэгдэл урамшууллыг олгохгүй болохоос эхлээд нарийвчилсан зохицуулалтыг оруулж өгсөн байдаг байна.