Шведийн Стокхолм хотод төвтэй Энх тайвны олон улсын судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар дэлхий дахинд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл дэлхийн II дайнаас хойших хамгийн дээд түвшинд хүрээд байгаа гэжээ. Тухайлбал өнгөрсөн онд Пакистан, Энэтхэг, Хятад улсуудын цөмийн идэвхтэй хошууны нөөц үлэмж хэмжээгээр нэмэгдсэн төдийгүй эдгээр улсуудын батлан хамгаалах салбартаа зарцуулж буй төсөв нэмэгдсэнийг тайланд онцолжээ.
Одоогийн байдлаар "Цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явц дууссаныг илтгэх тодорхой шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа хэдий ч цөмийн зэвсэг бүхий гүрэн болох ОХУ, АНУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Израил, БНАСАУ зэрэг улс цэнэгт хошууныхаа тоог нэмэгдүүлж, цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулж байна" гэж тайланд тэмдэглэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн онд Их Британи цөмийн цэнэгт хошууныхаа нөөцийн хязгаарыг нэмэгдүүлж, тоог нь олон нийтэд мэдээлэхгүй байхаар шийдсэнээ мэдэгдсэн бол Франц цөмийн зэвсгээр тоноглогдсон, гурав дахь үеийн шумбагч онгоцыг хөгжүүлэх хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлжээ. Түүнчлэн Энэтхэг, Пакистан улсууд цөмийн зэвсгийнхээ нөөцийг нэмэгдүүлж, зөөвөрлөх шинэ систем боловсруулж байгаа бол Израил улс мөн цөмийн зэвсгээ шинэчилж байгааг онцолсон байна. Үүний зэрэгцээ БНАСАУ цөмийн зэвсгийн туршилтыг идэвхтэй явуулж байгаа нь илэрхий байгаа юм. Шинжээчдийн тооцоолж буйгаар, тус улс хэдийнээ 20 цэнэгт хошуу үйлдвэрлэсэн бөгөөд нэмж 45-55 нэгжийг үйлдвэрлэх хангалттай нөөцтэй болжээ. Эцэст нь Энх тайвны судалгааны хүрээлэнгийн шинжээчид Хятадад пуужин хөөргөх 300 шинэ цооног барих ажил үргэлжилж байгааг хиймэл дагуулын зургууд харуулсныг дурдсан байна. Ойрын арван жилд цөмийн зэвсгийн нөөц нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Хэрэв одоогийн чиг хандлага энэ хэвээр үргэлжилбэл хүйтэн дайнаас хойш анх удаа дэлхийн цөмийн цэнэгт хошууны тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж эхлэх төлөвтэй байна.