Энэ жил ЕБС-ийн 9-р анги төгсөгчдийн дунд улаан шугамаар хязгаар тогтоохгүй

Суурь боловсрол эзэмшин төгсөж байгаа есдүгээр ангийн сурагчдыг сурлагын дүнгээр жагсааж “улаан шугам"-аар хязгаарладаг журам Монгол улсын боловсролын системд 2006-оноос батлагдаж байсан. Сургуулийн сургалтыг үнэлэх зорилгоор “улаан шугам” татдаг нь боловсролын тэгш бус байдлыг үүсгэж байгаа учраас 2020 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг өдрөөр төгссөн сурагчдыг аравдугаар ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхаар тогтсон байна.

2020, 2021-онд 9-р ангиа төгссөн сурагчдын сурлагын дүнг жагсаагаагүй бөгөөд сурлагын чанараас шалтгаалж нэг ч хүүхдийг улсын сургуулиас хасаагүй гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлжээ. Харин өнгөрсөн хугацаанд сайдын тушаалын тухай хангалттай мэдээ мэдээллийг иргэдэд өгөөгүй байна. Тушаал гарснаас хойш хоёр жилийн хугацаанд Ковид-19 цар тахлаас шалтгаалан сурагчид танхимаар хичээллэхгүй байснаас шалтгаалан иргэдэд мэдээлэл сайн хүрээгүй гэж Боловсролын яам тайлбарлалаа.

Ерөнхий боловсролын суурь мэдлэг болох 9-р ангиа төгссөн хүүхдүүдийн дүнг эрэмбэлүүлэн жагсааж нийтэд мэдээлэх цаашлаад улаан шугам татаж сургуулиас хасахгүй байх талаар сайдын тушаал гаран хэрэгжсээр байгаа ч боловсролын тухай хуулиар уг тушаал хэдий хугацаанд хэрэгжих талаар одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. "Улаан шугам" татах зэргээр хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох болно хэмээжээ.