2023 оноос Тува хэлийг хос хөтөлбөрт шилжүүлэхээр төлөвлөжээ

Монгол улс үндэстний цөөнхдөө эх хэлээрээ суралцах боломжийг олгож ирсэн ч бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Харин зарим улс орнууд үндэстний цөөнхдөө энэ мэтчилэн боломж олгодоггүй тохиолдол байдаг. Манай улсад Казак, Цаатан, Тува үндэстний цөөнхийн хамгийн том төлөөлөлд ордог юм. Тэгвэл манай улс 2023 оноос Тува хэлийг хос хөтөлбөрт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.  

Тува үндэстэн дийлэнх нь амьдарч байгаа бүс бол Хөвсгөл аймгийн Цагааннуур сум. Тус суманд 600 орчим тува үндэстэн амьдарч байгаагаас 140 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Мөн Баруун, Зүүн тайгад амьдарч байгаа Тува иргэдийн хүүхдүүдийн боловсролын асуудал мөн хөндөгдөж байгаа юм.

Одоогийн нөхцөлд Тува хэлээ зөвхөн хоорондын харилцааны түвшинд л эзэмшсэн байна. Ялангуяа хүүхдүүд Тува хэлээр энгийн хэдэн үгээс цааш мэддэггүй байна. Дунд сургуульд Тува хэлийг үзэхгүй байгаа нь төрөлх хэлээ мартахад хүргэж байгаа гэдгийг Тува үндэстний төлөөлөл хэллээ.

Үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын талаарх хуулийн заалтууд тунхгийн шинжтэй байгаагаас хэрэгжилт тааруу, ердөө нэг, нэг өгүүлбэр л байдаг гэлээ. Мөн өнөөдрийг хүртэл цөөнхийн хүүхдүүдэд зориулсан бага ангийн Монгол хэлний хөтөлбөр боловсруулагдаж гараагүй байгаа юм. Жишээ нь Баян-Өлгий аймгийн 43 сургуулийн хоёр нь Монгол хэлээр, нэг нь Монгол Англи, Турк хэлээр, нэг сургууль нь Тува Монгол хэлээр сургалтаа явуулдаг. Үлдсэн 33 сургууль нь Казак хэлээр сургалтаа явуулж байгаа юм.

Тува хэлний хөтөлбөрийг батлуулсан огт хэрэгжиж чадаагүй байна. Зөвхөн сонгон суралцах маягаар зааж иржээ. Үндэстний цөөнх хүүхдүүдийн боловсролд зориулан тусгайлан төсөв хөрөнгө гаргаж, аж төрж байгаа нутаг орондоо анги дүүргэлт харгалзахгүйгээр, эх хэлээрээ суралцах боломж бүрдүүлэх нь чухал байгаа гэдгийг Тува үндэстний төлөөлөл хэлж байна.