Төгсөх ангийн сурагчдын хувьд мэргэжил сонголт амьдралынх нь чухал шийдвэр байдаг ч манай улсад ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байх талаарх мэдээлэл дутмаг байдаг талаар хүүхдүүд хэлж байна. Цөөн хэдэн судалгааны байгууллага ойрын ирээдүйд эрэлттэй байх мэргэжил, ажлын байрны талаар судалгаа хийдэг ч урт хугацаанд эрэлттэй байх мэргэжлийн судалгааг хийдэггүй байна.
Энэ онд эрэлттэй байгаа ажлын байр
- Үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан
- Барилга угсралтын туслах ажилтан
- Жолооч,
- Даатгалын тооцооллын шинжээч
- Худалдагч
- Цэвэрлэгч
- Тогооч
- Барилга угсралтын мужаан
- Харуул
- Ачигч
- Борлуулагч
- Зөөгч
- Дэлгүүрийн туслах ажилтан
- Арматурчин
- Гагнуурчин
- Угаагч
- Зохион байгуулагч
- Сувилагч
Өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн биржид ажил олгогчид 61 мянган ажилчин авах захиалгаа өгснөөс 53 мянган хүн ажлын байртай болсон байна. Ажлын байрны захиалгын 14 хувийг дээд, 9 хувийг тусгай дунд мэргэжлийн, 8 хувийг мэргэжлийн анхан шатны, 47 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс авахаа мэдэгджээ. Харин 16-24 насныхны 3 хувь, 25-35 насныхны 34 хувь, 35-44 насныхны 47 хувийг ажилд авах хүсэлтэй байгаагаа ажил олгогчид илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар дээд боловсролтой иргэдийн ажлын байр элбэг бус байна. Тэгвэл их дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нарийн судлах шаардлагатай байна.
Дэлхийн эдийн засгийн форумын "Ирээдүйн ажил мэргэжил" судалгаанд ирэх таван жилд нэн шаардлагатай 10 ур чадваруудыг нэрлэсэн бөгөөд технологийн хөгжилтэй холбоотой ур чадваруудаас гадна асуудал шийдвэрлэх ур чадварууд нэлээдгүй оржээ. Харин манай улсад энэ судалгааг хийдэггүй байна.
Харин судлаачдын хэлж байгаагаар Монгол улс нь хүн ам багатай, ажиллах хүчний нөөц дутагдалтай орон. Иймд бүтээмж өндөр, ашиг олох тодорхой цөөн тооны салбарыг хөгжүүлж түүнд ажиллах хүчийг оновчтой хуваарилах нь чухал гэлээ.