Украин Молдав улсууд Европын холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг албан ёсоор авлаа

Пүрэв гарагт европын холбооны 27 гишүүн орны эрх баригчид Украин, Молдов улсуудад нэр дэвшигчийн статус олгох түүхэн шийдвэр гаргаснаа зарлалаа. ОХУ түрэмгийллээ эхлүүлсний дараагаар Украин улсын эрх баригчид эргэлт буцалтгүйгээр Европын холбоонд элсэхээр шийдвэрлэж, хүсэлтээ илгээсэн юм. 

Европын холбоо Украин улсын элсэх хүсэлтийг урьд өмнө нь байгаагүй түргэвчилсэн горимоор шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленський уг шийдвэрийг давтагдашгүй түүхэн шийдвэр байсныг онцлоод энэ нь дайн дуусмагц Украины эдийн засаг богино хугацаанд сэргэж, гаднын хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр нэмэгдэх эхний чухал алхам болсныг мөн цохон тэмдэглэжээ.

Европын холбооны жинхэнэ гишүүн болоход олон жилийн хугацаа шаардагддаг байна. Гишүүн болохын тулд хууль дүрмийн стандарт нэвтрүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулах, авлигыг бууруулах зэрэг улс төр, эдийн засгийн хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой юм байна. “Энэ шийдвэр Украиныг төдийгүй Европын холбоог улам өргөжүүлж, хүчирхэг болгоно. Энэ бол биднийг түүхийн зөв зам дээр гаргасан, эрх чөлөө, ардчиллын төлөөх шийдвэр юм” гэж Евро парламентын ерөнхийлөгч Роберта Мецола мэдэгджээ. 

Тэгвэл нэр дэвшигчийн статустай болсноор шууд жинхэнэ гишүүн болох баталгаа байхгүй. Бас аюулгүй байдлын хувьд Европын холбооноос нэр дэвшигч улсад баталгаа өгдөггүй. Харин нэгэнт жинхэнэ гишүүн болсон тохиолдолд аливаа эзлэн түрэмгийллээс хамгаалагдах бүрэн баталгаатай болдог. Европын холбооны гишүүн болохын нэг гол давуу тал нь 450 сая хүн амтай том зах зээл үүдээ нээж, эдийн засгийн асар том боломж бий болно. Украин улс мөн НАТО-д элсэх хүсэлтээ эртнээс илэрхийлж байсан юм. Гэхдээ Засгийн газрынх нь авлигын нөхцөл байдал, батлан хамгаалах тогтолцооны дутагдалтай тал, хилийн маргаан зэрэг нь үүнд саад тотгор болж байсан юм. 

Европын холбоонд элсэх шалгуур нэлээд өндөр байдаг. Тухайлбал Турк улс 1987 онд хүсэлтээ гаргаж, 1999 онд нэр дэвшигчийн статустай болсноор 2005 оноос л гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээ эхэлж байжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд гэрээний 30 гаруй заалтын зөвхөн нэг нь л хэлэлцэгдэж эхлээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Туркийн эрх баригчдын гаргасан зарим үйлдэл, хүний эрхийг зөрчиж буй шийдвэр нь Европын холбоонд элсэхэд нь саад болсоор байгаа юм. Туркээс гадна Балканы хойгийн хэд хэдэн орон Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргасан ч амжилт олоогүй байна.  

Тэгвэл Украин улсын хувьд европын холбооны хууль дүрэм, стандартын 70 орчим хувийг нэвтрүүлсэн ч авлигаа бууруулах, улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм.