Залилан мэхлэх гэмт хэрэг цахим орчинд нэмэгджээ

Манай улсын хэмжээнд жилд 4500 орчим залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгддэг бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд залилан мэхлэх гэмт хэргийн тавин хувь нь цахим орчинд үйлдэгджээ. 2022 он гарсаар ХУД-ийн цагдаад бүртгэгдсэн залилан мэхлэх гэмт хэргийн тоо өмнөх оноос 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүлийн хоёр жилд залилан мэхлэх гэмт хэргийн тоо хурдацтай өсөж байна. Цахим орчинд ажилд оруулж өгнө гэсэн зар тавин бусдын мэдээллийг авч, хаягт нь нэвтрэн хамаарал бүхий хүмүүсээс нь мөнгө зээлэх, хандив цуглуулах, мөн бусдын дансанд нэвтрэх зэрэг хэргүүд ихэссэн байна. Мөн орон сууцны залилан сүүлийн үед ихэсжээ. Орон сууцны өмчлөгч нь биш хэр нь хуурамчаар бичиг баримт үйлдэж байрны эзэн мэтээр бусдад дамжуулан хөлслүүлж, мөн барьцаа авах зэргээр иргэдийн мөнгийг залилан авч байна.

Цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар залилан мэхлэгч нар итгүүлэн үнэмшүүлэх чадвар сайн учраас иргэд өөрсдийгөө сайтар хамгаалах хэрэгтэй гэлээ. Харин залилан мэхлэх гэмт хэрэгт өртсөн иргэдийн зүгээс залилагч этгээд нэг хэв маягаар бусдыг залилдаггүй гэдийг сэрэмжлүүлж байна. 

Иймд залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал болоод уг гэмт хэргийн золиос болохгүйн тулд иргэд дор бүрнээ хариуцлагатай байж мэдээллийг сайтар нягтлах нь чухал байна.