Монгол хэл, бичгийн шалгалтыг 8-р сард дахин зохион байгуулна 

ЭЕШ энэ сарын 23-26-ны хооронд болж дууслаа. Энэ жилийн хувьд олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-тай дүйцүүлэх журам мөрдөгдөж эхэлснээрээ онцлог болж байна. Мөн Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд 1180 шалгуулагч тэнцээгүй тул шалгалтыг 8-р сард дахин зохион байгуулах шийдвэрийг БШУЯ-аас гаргажээ.

  • ЭЕШ-д энэ жил 36.253 шалгуулагч бүртгүүлснээс 2872 нь шалгалтад оролцоогүй байна. Нэгтгэж үзвэл ЭЕШ-ын ирц 92 хувьтай байжээ. Үүнээс Газар зүй, Түүхийн шалгалт хамгийн бага ирцтэй байсан байна.
  • Харин ЭЕШ-ын ерөнхий дундаж оноо 2021 онд 501.13 байсан бол энэ жил 501.09 болжээ.
  • Энэ жилийн хувьд 10 хичээлээр нийт 208 шалгуулагч 800 оноо авсан бол 400-аас бага оноо авсан 1355 шалгуулагч байна.
  • Одоогоор нийт шалгуулагчдын 20.000 гаруй шалгуулагчдынх нь хувьд их сургуульд элсэх боломж нь нээгдсэн гэж үзжээ.

Харин Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд тэнцээгүй  1180  шалгуулагч байна. Эдгээр шалгуулагчдыг цар тахлаас шалтгаалж танхимаар хичээллээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байгаа тул наймдугаар сард шалгалтыг дахин зохион байгуулахаар болжээ.

Энэ жилийн ЭЕШ-ын нэг онцлог нь олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-тай дүйцүүлэх журам мөрдөгдөж эхэлсэн. Энэ жил нийтдээ 591 шалгуулагч бүт-д  дүн оноогоо дүйцүүлэх хүсэлт гаргаж, баталгаажуулсан байна. Мөн ЭЕШ-ыг цаашид ОУ-ын жишигт нийцүүлж, боловсронгуй болгох хүрээнд тодорхой үе шаттай ажил хийхээр төлөвлөж байгаа байна. Тухайлбал, 2023 оноос эхлэн ЭЕШ-ыг Математик, Монгол хэл, Англи хэл, Байгалийн ухаан, Нийгмийн ухааны нэгдмэл агуулга гэсэн 5 хичээлийг хүүхэд бүр заавал өгөх зохицуулалтыг хийж байгаа юм байна. 

Тэгвэл энэ жил  гар утастай холбоотой гурван шалгуулагчийн асуудал гарсан байна. Харин өөрийнхөө өмнөөс өөр хүн оруулах гэж байсан зургаан тохиолдол Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн байна. Тэд бүгд өмнөх оны төгсөгчид гэж албаныхан мэдээллээ. ЭЕШ-ын журамд зааснаар өөрийнхөө оронд хүн оруулбал шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх хичээлийнх нь шалгалтын оноог хүчингүй болгодог. Харин шалгалтын байранд гар утас ашигласан, ашиглахыг завдсан бол тухайн шалгалтын дүн оноог хүчингүйд тооцдог  юм байна.