“Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хүрээнд олгодог зээлийн хүртээмж мууджээ

Монгол улсын Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрийн хэрэгжилт 80 гаруй  хувьтай явж байна. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд зээлээр олгох боломжтой  2.2 их наяд төгрөг үлджээ.

Хөтөлбөрийн биелэлт өнөөдрийн байдлаар 81 хувьтай явж байна. Засгийн газар хөтөлбөр үр дүнтэй байгаа гэж үзсэн тул цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Гэвч 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт 2020, 2021 онд эрчимтэй хэрэгжсэн тул 2021, 2022 онд төсөвлөсөн мөнгө багассанаар хэрэгжилт удаашраад байгаа юм. Энэ нь иргэдэд 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд олгодог зээлийн хүртээмж муу байна гэж ажиглагдах болжээ.

10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлүүд 2021 оны эдийн засгийн өсөлтийг бий болгосон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд 120 мянган ажлын байрыг хадгалж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд нийт 2.1 сая иргэнийг вакцинд хамруулсан гэдгийг албаны хүн мэдээлж байсан юм. Хөтөлбөрийн гол зорилго нь ажлын байр шинээр бий болгох бус харин ажлын байрыг хадгалахад чиглэсэн. Зээл олголт цар тахлын өмнөхөөс 10 хувиар өсөж, хөтөлбөрийн үр дүнгээр энэ онд эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрсэн гэлээ. Тэгвэл эдийн засаг хүндрээд байгаа энэ үед 10 их наядын зээлийн гүйцэтгэл аль хэдий нь үүргээ биелүүлээд дууссан гэлээ.

Хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн 40 хувийг худалдаа, 20 хувийг үйлдвэрлэгчдэд, 7 хувийг өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, 6 хувийг барилгын салбарт олгожээ.