Барилгын материалын үнийн өөрчлөлтөө тооцуулж, магадлалд хамрагдаагүй ААН-үүд 8-р сарын 1-ний дотор БХБЯ-д хандах шаардлагатай

Барилга, хот байгуулалтын яамнаас 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хойших бүх барилгын бүтээн байгуулалтад үнийн өсөлт тооцон гаргажээ. Ингэхдээ нийт 800 гаруй барилгын материалын нэр төрөл гарган, гурван эх сурвалжаас өнөөдрийн байдлаарх үнийн өсөлтийн мэдээллийг авч, барилгын материалын үнийн өсөлтийн төсөв өртөгт нөлөөлж буй өөрчлөлтийг тооцож гаргасан байна. Мөн төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар боловсруулсан саналаа УИХ-д танилцуулжээ. Цаашид магадлалд орох шаардлагатай бүх барилгын төслүүдийг хамруулахаар ажиллаж байгаа юм байна.

Төрийн өмчийн 1155 барилгын төслөөс одоогоор 534 төсөлд үнийн өсөлтийн магадлалыг хийжээ. Үргэлжлүүлэн  314 төсөл арга хэмжээний үнийн өсөлтийн магадлалыг наймдугаар сарын нэгнээс өмнө гаргахаар Барилга, хот байгуулалтын яамнаас ажиллаж байна. Иймд үнийн зөрүүний магадлалд ороогүй төслүүд наймдугаар сарын нэгний өдрөөс өмнө Барилга, хот байгуулалтын яаманд хандах хэрэгтэй гэж албаныхан хэлж байна.

Одоогийн төсөөллөөр улсын төсвийн барилгын бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхэд 274 тэрбум төгрөгийн нэмэлт шаардлагатай байгааг Барилга хот байгуулалтын яамнаас хэлж байна. Барилга бүтээн байгуулалтын ажлын өсөлтийг тооцон 8-р сарын 15-нд дуусгаж,  2023 оны улсын төсвийг тооцохоос өмнө, Сангийн яаманд хүргүүлэх юм. Цаашид дахин барилга бүтээн байгуулалтад үнийн өсөлтийн магадлалыг хийхгүй гэдгийг яамнаас онцгойлон мэдээллээ.